2015 оны дөрөвпүгээр сараас эхлэн сар бүрийн 3-ны өдрийг “Цусаа бэлэглэх өдөр” болгон тэмдэглэж байгаа билээ.
Бусдад амьдрал бэлэглэж буй ачтан доноруудын ариун үйлсийг сурталчлах, талархал илэрхийлэх, олон нийтэд алдаршуулах зорилгоор “Цусны донорын өдөр” болгон анх удаа өнөөдөр тэмдэглэлээ.
Донорын үйлсийг сурталчлах, олон нийтэд таниулах ажлын хүрээнд 70-аас дээш цус өгөлттэй доноруудыг “Хүрэл донор”, 100-аас дээш өгөлттэй доноруудыг “Мөнгөн донор”, 150 дээш өгөлттэй доноруудыг “Алтан донор”-оор, 10, 20 удаа цусаа бэлэглэсэн доноруудыг “Бахархал 10”, “Бахархал 20” тэмдгээр шагнадаг.
Өнөөдөр хоёр дахь “Алтан донор”-оор 1996 оноос цус цусны бүрэлдэхүүн хэсгээ бэлэглэсэн Даваа овогтой Эрдэнэчулуун, ес дэх “Мөнгөн донор”-оор Нацагдорж овогтой Баянзул, 34, 35, 36 дахь “Хүрэл донор”-оор Туяа овогтой Машбилэг, Лувсандорж овогтой Баянтунгалаг, Цэвээндулам овогтой Пүрэвгэрэл нар өргөмжлөгдлөө.
Мөн “Бахархал” тэмдгийн эзнээр есөн донор тодорсон бол 60 дээш удаа цус цусны бүрэлдэхүүн хэсгээ бэлэглэсэн 10 донор МУЗН-ийн “Энэрэл алт”, “Нигүүлсэл мөнгө”, “Шилдэг залуу алтан медаль”- аар тус тус шагнагдлаа.
Цусаа бэлэглэсэн хүмүүнлэгийн гурван үйлстэнд МУЗН таван ханатай өргөө цагаан гэр бэлэглэлээ.
"Алтан донор"-оор өргөмжлөгдсөн Д.Эрдэнэчулуун сүүлийн 20 жилийн хугацаанд 154 удаа цусаа бэлэглэжээ.
Өнөөдөр Цус Сэлбэлт Судлалын Үндэсний Төв JCI Капитал байгууллагатай 2017 онд цусны донорын эгнээг өргөжүүлэх дөрвөн чиглэлээр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурж, цусны бэлэг тэмдэг болсон “Доргоны маскот”-ыг танилцууллаа.