Иргэний эрүүл мэндийн даатгалын шинэ хууль хэрэгжиж эхэлснээс хойш иргэд эмийн болон эмчилгээний зардлынхаа тодорхой хувийг даатгалаас хөнгөлүүлж буй. Гемодиализын эмчилгээний төлбөрийг төрөөс 100, цусны хавдрын зарим эмчилгээний зардлыг даатгалаас санхүүжүүлэхээр болсон нь сайшаалтай.
Мөн элэгний С вирусийн эмийн үнийг хайрцаг тутамд 210 мянган төгрөгөөр хямдруулж, В, С вирус илрүүлэх шинжилгээг аймаг, дүүргийн Нэгдсэн эмнэлгүүд үнэ төлбөргүй хийдэг боллоо.
Хэрвээ вирустэй нь тогтоогдвол маркер тоолох шинжилгээ заавал хийлгэх шаардлагатай. Энэ шинжилгээг 10 гаруй лабораторид багагүй үнээр хийдэг байсан бол өдгөө ХӨСҮТ, Улсын нэгдүгээр төв эмнэлэгт үнэгүй хийж байна. Шаардлагатай урвалж бодисын төлбөр, ажилчдын хөлсийг Эрүүл мэндийн даатгалын сангаас гаргаж буй аж.