Нийслэлийн Эрүүл мэндийн газар (НЭМГ)-ын дарга А/128 дугаар тушаал гарган, баярын өдрүүдэд ажиллах эмнэлгүүдийн цагийн хуваарийг баталж, хариуцлагатай жижүүрүүдийг томилов. Энэ сарын 29-нөөс нэгдүгээр сарын 2 хүртэл Шүд, эрүү нүүрний төв, дүүргүүдийн Эрүүл мэндийн нэгдэл, Нэгдсэн эмнэлгийн гэмтэл, мэс засал, дотор, шүдний кабинетууд, өрхийн эмнэлгүүд 10.00-16.00 цагийн хооронд ажиллаж, цаг үеийн мэдээллээ НЭМГ-т 07.00, 19.00 цагт тус тус дамжуулах аж. Шинэ жилээр олон хоног амрах тул эмнэлгийн тусламж, үйлчилгээг цаг алдалгүй, тасралтгүй хүргэх, эм тариа, ороох, боох материал, өвчтөний хоол, хүнсийг хүрэлцэх хэмжээгээр нөөцлөх, гал, ус, цахилгааны аюулгүй байдлаа хангаж ажиллахыг эрүүл мэндийн байгууллагуудад үүрэгдэв.
Мөн Түргэн тусламжийн төв болон дүүргүүдийн хүүхдийн түргэн тусламжийн хэсгүүдийн бэлэн байдлыг хангах, шаардлагатай үед хүн хүч нэмж ажиллуулах, эмнэлгүүд ор нөөцлөх, болзошгүй гамшиг, халдварт өвчин, хордлогын үед үзүүлэх тусламж, үйлчилгээг сайжруулахыг давхар сануулсан юм.