Нийслэлийн Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгийн барилга ашиглалтад ороод 36 жил болж байна. Энэ хугацаанд барилгыг жил бүр засаж байсан ч Хүүхдийн тасгийнх нь агааржуулалтын систем муудаж, ор, шүүгээ гээд бүхий л зүйл нь хуучирчээ. Тиймээс эмнэлгийн үйлчилгээ авах гэсэн иргэдийг тав тухтай байлгах нь чухал хэмээн үздэг “Итгэлийн танхим” ТББ тус тасгийг засаж тохижуулаад, өчигдөр хүлээлгэн өглөө.
Уг тасаг нэг дор 40 хүүхэд хэвтүүлэн эмчлэх боломжтой 10 тасаг, тарианы, амралтын, хувцасны, хүүхдийн тоглоомын, ариун цэврийн өрөө гээд нийтдээ 508 ам метр талбайтай аж. Төрийн бус байгууллагынхан уг талбайг бүхэлд нь засаж, янзалжээ. Үүнээс гадна ор, шүүгээ, цагаан хэрэглэл гээд бүхий л зүйлийг нь шинэчилж өгөв. Мөн ядарсан үедээ тухлах буйдан, томчуудын тусламжгүй бие засах суултуур, гараа угаах тосгуур гээд хүүхдэд шаардлагатай бүхнийг суурилуулж өгчээ.
Тус тасгийн эрхлэгч Ж.Саранцэцэг “Нисэх, Яармаг орчимд амьдрах залуу гэр бүлийн тоо олширч, үүнийг дагаад манай тасгийн ачаалал нэмэгдэж байгаа. Харамсалтай нь, бид өвчтөнөө таатай орчинд хүлээн авч чаддаггүй байв. Ийм үед “Итгэлийн танхим” байгууллагынхан бидэнд тусаллаа. Тасгийн хана, тааз гээд бүгдийг будахаас гадна агааржуулалтын системийг нь шинэчилж, цахилгааны холболтыг ч янзалсан. Эмнэлэг байгуулагдсанаас хойш анх удаа манай тасагт ийм том засвар хийлээ” гэв.
Тус тасгийг тохижуулахад нийтдээ 142.8 сая төгрөг зарцуулжээ. “Итгэлийн танхим” ТББ-ын тэргүүн, жүжигчин Г.Ундармаа 44.1, иргэд 9.5 сая төгрөг хандивласан бол аж ахуйн нэгж, байгууллагууд 89.2 сая төгрөгийн бараа, материал өгсөн гэнэ. 2013 оноос өнөөдрийг хүртэл зургаан эмнэлгийг тохижуулсан Г.Ундармааг энэ үеэр Эрүүл мэндийн тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнасан юм.