“Өнөр бүл” хүүхдийн төвийн дэргэдэх Сэргээн засах хөгжлийн төвийн байрыг орон гэргүй, хараа хяналтгүй хүүхдүүдийг түр байлгах газар болгох гэж байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд хөдөлгөөн, бариа, сэтгэл засал, цахилгаан, усан эмчилгээ хийдэг, улсдаа ганц, төрөлжсөн тус төв 2015 оны арваннэгдүгээр сарын 13-наас үйл ажиллагаа явуулж эхэлжээ. Дээрх хугацаанд энд “Өнөр бүл” хүүхдийн төв болон нийслэл дэх асрамжийн газруудад амьдарч буй хөгжлийн бэрхшээлтэй 230 гаруй хүүхэд эмчилгээ хийлгэсэн аж.
Төлбөр төлөхгүй, урт дараалалд зогсохгүй гээд эцэг, эхчүүд хаа холоос хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ дагуулаад эднийхийг зорьдог болжээ. Гэвч өдгөө байргүй болох гэж байгаад нь харамсаж буйгаа тэд илэрхийлсэн юм. Сонгинохайрхан дүүргийн XXVI хорооны иргэн Б.Отгонтуяа “Миний хүүхэд тархины саажилттай. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн X цэцэрлэгт явдаг. Үүний хажуугаар энд эмчлүүлээд гурван сар болж байна. Хол гэртэй болохоор ийш ирэхэд унааны мөнгөнөөс эхлээд хэцүү ч төлбөргүй болохоор давуу талтай.
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй хүмүүс ажил хийх боломж хязгаарлагдмал шүү дээ. Хувийн сэргээн засах газрууд байдаг ч төлбөр нь өндөр. ЭХЭМҮТ-д очих болгонд хүн ихтэй байдгаас эмчлүүлж чадахгүй тохиолдол ч бий. Харин Сэргээн засах хөгжлийн төвд ирээд миний хүүхдийн бие харьцангуй сайжирсан. Байранд нь өөр үйл ажиллагаа явуулж, бидний хүүхдийг эмчилгээ хийлгэх газаргүй болгох гэж буйд сэтгэл дундуур байна. Байртай нь байлгаач гэж л хэлмээр байна” гэв.
Баянзүрх дүүргийн II хорооны иргэн П.Лхагвасүрэн ”Манай зээ төрөлхийн саажилттай. ДЦБ гэсэн оноштой. Одоо 10 настай. Бид уг төвд хүүхдээ дөрвөн сар орчим эмчлүүлж байна. Ийм бэрхшээлтэй хүүхдүүд хөдөлгөөн заслын эмчилгээнд ойрхон давтамжтай явбал бага багаар сайжирдаг. Гэтэл одоо байргүй болох гэж байгаа нь харамсалтай. Уг нь ийм газраа булааж авах нь битгий хэл бүр олон болгох хэрэгтэй. Байрыг нь хэвээр нь үлдээгээч гэж холбогдох хүмүүсээс нь хүсье” хэмээв.
Жижүүр Д.Мягмар “Өнгөрсөн долоо хоногт “Mobicom” компанийнхан шилэн кабель тавих гэж ирсэн. Нэг ажилтан нь “108”-ын дарга Энхболд гэдэг хүнтэй утсаар ярьсныг нь би сонссон юм. Тэд манай эмнэлгийг нүүлгэн шилжүүлнэ, бүх давхарт нь кабель оруулна гэж ярилцаж байсан. Үүнийг сонсоод их гайхсан. Асрамжийн газарт ямар юмных нь илүү барилга байх вэ дээ. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эрх ашиг зөрчигдөх гэж байгаад харамсаж байна” гэв.
“Өнөр бүл” хүүхдийн төвийн ерөнхий захирал М.Өлзийчимэгээс энэ талаар тодруулахад “108-ынхны дуудлагаар авчирсан гудамжны, тэнэмэл, хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийг гэрт нь буцаах, асрамжийн төвд явуулах хооронд тэдэнд ямар нэгэн үйлчилгээ үзүүлэх, байрлуулах, хооллож ундлах газар хэрэгтэй байгаа юм байна. Гэвч одоогоор уг асуудлыг үүнээс өөрөөр шийдэх гарцгүй болсон бололтой. Намар ийм асуудал яригдсан ч нэг хэсэг намжсан.
Харин хэд хоногийн өмнөөс шилэн кабель тавина гээд асуудал үүсгээд байна. Одоогоор хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эмнэлэг Монгол Улсад манайхаас өөр байхгүй. Сэргээн засах үндэсний төв гэж байдаг ч том хүнийг л эмчилдэг. Нэг хүүхдийн эрх ашгийн төлөө нөгөөг нь хохироох гэж байгаа нь харамсалтай л байна. Өчнөөн мөнгө зарцуулж засвар хийсэн, тоног төхөөрөмжүүд нь “Өнөр бүл” төвд багтахгүй, нэмж хүүхдүүд эмчлэх нь битгий хэл өмнөх хүүхдүүддээ үйлчлэх аргагүйд хүрэх болоод байна.
Түүнчлэн Тайванийн “Ивээл сан” бидэнд шинэ тоног төхөөрөмж бэлэглэж буй. Тус төвөөр үйлчлүүлдэг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг аваач гэж манайхаас гуйсан. Энэ ч бас асуудалтай л байна. Уг асуудлаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга О.Алтансүх нарт олон удаа саналаа хэлсэн. Гэвч ямар нэгэн шийдвэр гарлаа гэхэд эсэргүүцэх аргагүй шүү дээ. Үнэндээ яахаа мэдэхгүй байна” гэв.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамныхнаас энэ талаар тодруулах гэсэн боловч утсаа авсангүй. Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрынхан хуралтай гээд мөн л хариу өгсөнгүй.