"Сандэй” группын хамт олон 10 жилийн ойгоо тохиолдуулан өчигдөр Нийслэлийн Хүрээ Амаржих газарт нярайн шарлалт бууруулах дөрвөн ширхэг аппарат бэлэглэжээ. Нийт 42 сая төгрөгийн өртөг бүхий уг тоног төхөөрөмжийг Сандэй групп, Монгол майнинг эксплорайшн, Платинум Ланд, Шинжикү гэх дөрвөн компани нэгдэж бэлэглэжээ. Уг аппарат нь дутуу төрсөн хүүхдүүдэд илэрдэг гол асуудал болох биеийн хөгжлийг эмчилэхэд нөлөөлөхөөс гадна шарлалтыг яаралтай бууруулахад зайлшгүй хэрэглэгддэг аж. Нярай хүүхдийн шарлалт их байх нь тархи, мэдрэлийн тогтолцоонд сөргөөр нөлөөлж улмаар саажилтад хүргэх ч аюултай байдаг байна. Ингэснээр хүүхэд насан туршийн сэтгэцийн өвчтэй болдог ажээ. Тиймээс“Хүрээ” амаржих газрын удирдлагуудын зүгээс дотоодын компаниудын нийгмийн хариуцлагаа ухамсарлан хийсэн хөрөнгө оруулалтыг нүдээ олсон тусламж байлаа гэдгийг онцоллоо. Статистик судалгаагаар Монгол Улсад мэндэлж байгаа хүүхдүүдийн зургаа орчим хувь нь дутуу төрдөг ажээ. Хэдийгээр улсын эдийн засаг хүндэрч гадаадын хандив тусламж буурсан ч дотоодын аж ахуйн нэгжүүд ийнхүү нийгэмд чиглэсэн үйлдэл хийж байгааг төрөх эмнэлэгт байсан иргэд сайшааж байлаа.