- D витамины хордлогод орвол яс хайлна –
Эмч нар “Дархлаагаа сайжруул, аминдэмээр баялаг хоол хүнс хэрэглэ” гэж байнга л үглэдэг. Учир нь хүний биед аминдэм, эрдэс бодис нь хэмжээлшгүй их ач тустай аж. Гэхдээ эмийг эмчийн заавраар, зохистой хэрэглэхгүй бол хор болдогтой адил витамины илүүдэл ч гэсэн ач тусаа өгөхөөсөө өмнө өвчин эмгэг үүсгэдэг юм байна.
Тиймээс аминдэмийн зохист хэрэглээний талаар Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хоол судлалын секторын эрдэм шинжилгээний ажилтан Н.Болормаатай ярилцлаа.
-Вакцин, бүх төрлийн аминдэм хүний дархлааг сайжруулж, дэмжих үүрэгтэй гэдэг. Тиймдээ ч эмийн сангуудын хамгийн гүйлгээтэй бараа. Тэгвэл аминдэм гэж юу юм бэ?
-Химийн нэгдлээр нь авч үзвэл аминдэм нь нийлмэл бүтэцтэй, органик нэгдлүүд юм. Заримынх нь бүтэц энгийн байх нь ч бий. Хүний биед энерги, илч өгөхгүй ч бие махбодод явагдаж буй биохимийн бүхий л процессыг зохицуулах үүрэгтэй. Тухайлбал, амьсгалах, зүрх цохилох, хоол шингээх, дулаан ялгаруулах зэргээр маш олон үйл явц бидний биед явагддаг. Эдгээрийг хэвийн “ажиллуулах” гол түлхүүр нь аминдэм юм.
Түүнгүйгээр хүний биед бодисын солилцоо явагдахгүй гэсэн үг. Тиймээс аминдэмийг хүмүүс хоол хүнс, эмийн бэлдмэл мэттэй хамт дийлэнхийг нь гаднаас авдаг. Хүний биед боловсордог В-гийн төрлийн цөөн витамин бий. Гэхдээ бүдүүн гэдэсний хэвийн бичил биетийн нөлөөгөөр маш бага хэмжээгээр нийлэгждэг. Тэгэхээр шаардлагатай аминдэмийг гаднаас авч таарах нь.
-Хэрэв хоол хүнсээрээ хэрэгцээт аминдэмийг авч чадахгүй бол нэмэлтээр уух ёстой юу?
-Эрүүл, насанд хүрсэн хүн зөв хооллоод явахад хэрэгцээтэй эрдэс бодисоо авах боломжтой. ДЭМБ ч хоол хүнсээрээ нөхөхийг зөвлөдөг. Тэгвэл бага насны хүүхэд өсөж томрох нь хурдан, бодисын солилцоо нь эрчимтэй явагддаг. Гурван кг төрсөн хүүхэд жилийн дараа 10 кг жинтэй болох жишээтэй. Тиймээс бага насны хүүхдийн аминдэмийн хэрэгцээ нэлээд өндөр. Хүүхдийн ходоод жижигхэн, бага иддэг учраас хэрэгцээтэй витаминуудыг хоол хүнсээрээ авах боломжгүй. Ялангуяа хоёр хүртэлх насны хүүхдүүдэд аминдэм, эрдсийн бэлдмэл заавал уулгах шаардлагатай.
Мөн жирэмсэн эхийн биед ураг бүрэлдэж, өсөж байдаг тул энэ үйл явцыг хэвийн байлгахад аминдэм нэн хэрэгцээтэй. Төрсний дараа ч гэсэн хүүхдээ хөхүүлдэг учраас шаардлагатай аминдэмүүдийг үргэлжлүүлэн уулгах хэрэгтэй. Нөгөөтэйгүүр цэвэршилтийн насны хүмүүс аминдэм уух шаардлагатай. Тухайлбал, витамин D-гийн хоногийн хэрэгцээ хүүхэд, жирэмсэн, хөхүүл эх, 45-аас дээш насны эмэгтэйчүүд, 60- аас дээш насныханд нэмэгддэг.
Аминдэмүүдийг хоол хүнсээр нөхөх боломж манайд хомс. D аминдэм нь ясны эд эсийн бодисын солилцоонд оролцдог. Цэвэршилтийн насны эмэгтэйчүүдэд дааврын өөрчлөлттэй холбоотойгоор яс сийрэгжих процесс түргэн явагддаг тул D-г тогтмол хэрэглэ гэж зөвлөдөг. Өндөр настнууд бол яс сийрэгжих өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмчлэх зорилгоор кальцийн бэлдмэлтэй хамт уух ёстой.
Хүний нас, хүйс, хэрэгцээнээс нь хамаараад хоногт авах аминдэмүүдийн хэмжээ харилцан адилгүй байдаг л даа. Дэлхийн аль ч улс орон хоол хүнсээр хэрэглэвэл зохих аминдэмийн тунг тогтоодог. Манай улс Эрүүл мэндийн сайдын 2008 онд баталсан зөвлөмж хэмжээг мөрдөж байна.
-Тэгвэл насанд хүрсэн хүмүүс хоногт авах аминдэмүүдээ нөхөж чадаж буй, эсэхээ яаж мэдэх вэ?
-Аминдэмийг биохимийн шинж чанараар нь тосонд, усанд уусдаг гэж хоёр бүлэгт хуваадаг. Тосонд уусдагт нь D, A, E, K, усанд уусдагт нь B-гийн төрлийн бүх витамин, C, PP, H аминдэм багтана. Витамины хэрэгцээ өндөртэй бүлгийнхэнд зориулсан бэлдмэлүүдэд эрдэс бодисын хэмжээ нь зөвлөмжид заасан тун (хоногийн)-гаар орсон байдаг тул эмчийн заавраар уухад болно. Харин жирийн хүмүүс аминдэмээр баялаг, дархлаа дэмждэг хүнсийг тогтмол хэрэглэх нь чухал.
Аминдэмүүдийн хамгийн баялаг эх сурвалж бүх төрлийн жимс, хүнсний ногоо шүү дээ. В-гийн төрлийн витаминууд л гэхэд үр тариа, маханд байна. D витамин сүү, цагаан идээнд агуулагддаг ч бага хэмжээтэй. Тиймээс өдөр бүр 175 мл сүү ууж, жимс, хүнсний ногоо түлхүү хэрэглэхэд болно.
Өдөрт хамгийн багадаа 400 грамм жимс, ногоо идэж байж аминдэмийн хоногийн хэрэгцээгээ хангана. Ногоон, хар, улаан, шар өнгийн хүнсний ногоо, жимс, жимсгэнэд аминдэмийн агууламж өндөр байдаг.
-Бага насны хүүхдүүдийн дунд аминдэмийн дутагдал өндөр байгааг мэргэжлийн хүмүүс ярьдаг. Үүний хор уршгийг тайлбарлахгүй юу?
-Бүх насныханд аминдэм дутагдвал эмгэг өөрчлөлт илэрнэ. Хамгийн хор уршигтай нь D аминдэмийн дутагдал. Хүүхэд, эмэгтэйчүүдийн дунд нэлээд түгээмэл байгаа. 2010 онд “Монголын хүн амын хоол тэжээлийн байдал” судалгаа явуулахад 0-5 хүртэлх насныхны 55 хувь нь сульдаатай, 21.8 хувь нь D, 32.4 хувь нь А аминдэмийн дутагдалтай байсан. Эдгээрийг лабораторийн шинжилгээгээр илрүүлдэг. Мөн төрөх насны эмэгтэйчүүдийн 30 хувь нь D-гийн дутагдалтай, 22.9 хувь нь нөөц багассан гэж оношлогдсон.
Тэгэхээр эмэгтэйчүүдийн бараг тал хувь нь D аминдэмийн дутагдалд орох эрсдэлтэй байна гэсэн үг. Кальцийг ясанд зөөвөрлөдөг энэ үйл явц алдагдвал ясны эд эс бэхжих, хөгжих нь саатна. D дутагдсан үед толгой, цээж, аарцаг, нуруу, хөл, өвдөг, тавхайнд гээд 10 гаруй шинж тэмдэг илэрдэг. Эцэст нь хүүхдүүдийн хөл, гар мурий, тахир болдог бол цэвэршилтийн насны эмэгтэйчүүдийн яс сийрэгжиж, хэврэгшдэг. Өдгөө гурван хүүхэд тутмын нэг нь А аминдэмийн дутагдал тай байгаа.
А нь нүдний солонгон бүрхэвчийн нөсөөт хэсгийн бодисын солилцоонд оролцдог тул багадахаараа хараа муудах, оройн цагаар юм харж чадахаа больдог. Хүмүүс тахиан сохор гэдгээр нь мэдэх байх. Өвчин хүндэрвэл нүдний эвэрлэг бүрхэвч үрэвсэж, цоордог. Хараагүй болно гэсэн үг. Нөгөөтэйгүүр А аминдэм дархлааны урвал үүсгэх уургийн нийлэгжилтэд оролцдог тул ханиад томуу, халдварт өвчний үед түлхүү хэрэглэх ёстой.
-Зарим эцэг, эх хүмүүсийн сайн гэсэн болгоныг хүүхдэдээ уулгаад байдаг. Зохисгүй хэрэглэвэл мэдээж хор болно шүү дээ.
-Өндөр тунтай бэлдмэлүүдийг хэтрүүлэн хэрэглэвэл аминдэмийн илүүдэл үүснэ. Их, бага гэлтгүй бүх төрлийн аминдэм ихдэхээрээ гаж нөлөө үзүүлдэг. Эмчийн жороор хэрэглэвэл ямар ч асуудалгүй. Иргэд аминдэмийг эм шиг зохисгүй хэрэглэх нь бага, гэхдээ хордвол аюултай. Тухайлбал, D витамины хордлогод орвол яс хайлна.
Ерөнхийдөө дутагдлын шинж тэмдэгтэйгээ адилхан эмгэг өөрчлөлт илэрдэг. Тиймээс аминдэмийг сонгохдоо найрлагыг нь сайн харах хэрэгтэй. Ижил найрлагатай бэлдмэлүүдийг цугт нь хэрэглэж болохгүй. Тэр тусмаа А, D-г болгоомжтой хэрэглэх нь зүйтэй. Усанд уусдаг витаминууд шээсээрээ гадагшилдаг учир илүүдэл бараг үүсдэггүй. Гэхдээ дураараа эм, бэлдмэл авч ууж хэрхэвч болохгүй.