Хүйтний эрч чангарч эхлэхтэй зэрэгцээд нэгэн асуудал тулгардаг нь хөлдөх гэмтэл юм. Цайны цагийг нь тааруулж ГССҮТ-д өчигдөр очсон болохоор 40 минут орчим хүлээсний эцэст Түлэнхийн нөхөн сэргээх мэс заслын тасгийн эрхлэгч Э.Галбадрахтай уулзлаа. Тэрбээр “Арваннэгдүгээр сарын сүүлчээр огцом хүйтэрсний улмаас манай ачаалал нэмэгдсэн. Хөл, гараа хөлдөөсөн хүмүүсийн 80-90 хувь нь орон гэргүй, траншейныхан байдаг. Одоогоор 14, 15 хүн хөл, гар нь хөлдсөн байдалтай ирсний 7-8 нь орон гэргүй. Тэд бусад эмчлүүлэгчдийн гар утас, эд зүйлсийг хулгайлах, эмнэлгийн тоног төхөөрөмжийг эвдэх, эмч, сувилагчийг цохих зэрэг асуудал гаргадаг.
Түүнчлэн ямар ч бүртгэлгүй, эрүүл мэндийн даатгал төлдөггүй учраас тэднийг эмчилсний төлбөрийг даатгалаас өгдөггүй нь их хүндрэлтэй. Шинэ жилийн баяр ойртож буйтай холбогдуулаад иргэдэд анхааруулахад архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байж, ухаанаа алдтал согтсон нэгнээ ганцааранг нь битгий явуулаарай” гээд биднийг дотогш орохыг зөвшөөрөв.
Мэс заслын тасаг учраас гаднын хүн орох хориотой байдаг юм билээ. Хонгилоор нь явахад өвчиндөө шаналсан хүүхдүүдийн уйлах дуу сонсогдон өр өвтгөж байв. Тус тасаг нийт 13 өрөө, 50 гаруй ортой бөгөөд түлэгдсэн, хөлдсөн хүмүүсийг эмчилдэг аж. Хүүхэд, том хүн, архичин, орон гэргүйчүүд гээд янз бүрийн хүн байх нь сэтгэл эмзэглэмээр. Басхүү хуучны барилга болохоор бага зэрэг хүйтэн, цаанаа л нэг зэвхий даажээ. Хүүхдийг тэнэмэл хүмүүстэй нэг тасагт хэвтүүлжээ.
Тэргэнцэртэй, хөл, гараа битүү ороосон хүмүүс бидэнтэй зөрнө. Нэг өрөөнөөс хоёр сувилагч орны цагаан хэрэглэл гаргангаа “Чи яагаад орондоо шээчихсэн юм бэ” гэж хэн нэгнийг загнаж байв. Хоёр хөл, нэг гар нь битүү боолттой залуу “Би шээгээгүй ээ. Ус асгачихсан юм. Алив надад мэс аваад ир. Энэ хөлийг тайрчихъя” хэмээн учир битүүлэг зүйл ярин, амандаа бувтнаж байв.
Тус тасгийн сувилагч Д.Цацрал “Энэ хүн орон гэргүйчүүдийн нэг нь. Хоёр хөл, гар нь хөлдөөд, хуруунуудаа бүгдийг нь тайруулсан. Арай эдгэрэх болоогүй байгаа. Ийм 10-аад хүн хэвтэж байна. Тэд орондоо шээх, хөтөвч тэй шээсээ ариун цэврийн өрөөнд аваачиж асгахгүй байх зэрэг асуудал гаргадаг. Түүнчлэн гараа тайруулсныг нь сувилагч нар хооллодог. Олонх нь хоол, цайгаа зөөлгөдөг. Хөл гар нь хөлдөөд удсан, хүндэрсэн хүмүүс ихэвчлэн хэвтэж, хагалгаа хийлгэж байна. Ор хүрэлцдэггүй тул хөнгөн хэлбэрээр хөлдсөнд нь зөвлөгөө өгөөд явуулдаг.
Ер нь хөл, гар хөлдсөн тохиолдолд 14 хоногийн дараа хүндэрдэг. Одоо ачаалал их байгаа ч хүйтрэхээр бүр нэмэгдэнэ. Тэр үеэр зарим хүнийг хонгилд байрлуулах нь энүүхэнд шүү дээ. Гэтэл хоёр л тэргэнцэр байдаг болохоор хүмүүс ээлжилж хэрэглэдэг” гээд хонгилын төгсгөлд байх II өрөөнд орууллаа. Тэнд хамгийн олон буюу 10 хүн хэвтэж, эмчлүүлдэг бөгөөд хоёр нь хөлдсөн гээд эмчилгээ хийлгэж буй аж.
Тэр хүмүүс нэрээ хэлэхээс татгалзаж, юм ярихыг ч хүссэнгүй. Харин өрөөнийх нь хүмүүс өмнөөс нь “Наад хоёр хүний чинь нэг нь малаа хариулж байгаад гараа хөлдөөчихсөн гэсэн. Нөгөө нь согтуу, ухаангүй ирээд, Сэхээн амьдруулах тасагт эмчлүүлээд гарсан юм билээ” гэв.