Төрөхийн хүндрэл, зам, тээврийн осол, хүнд хагалгааны улмаас цус алдан, хагалгааны ширээн дээр амь тавих гэж буй хүмүүсийг бид аварч чадна. Яаж гэж үү. Маш амархан, нэг удаа 350 мл цусаа бэлэглэхэд л өвчиндөө шаналж буй гурван хүний амийг аврах боломжтой. Бидний хийх ажил ингээд л боллоо. Харин доноруудын цусыг бүтээгдэхүүн болгоход албаныхны үүрэг чухал. Зарим хүмүүс донороос авсан цусыг тэр чигт нь өвчтөнүүдэд сэлбэдэг гэж ойлгодог.
Тэгвэл шинжлэх ухааны ололт, тоног төхөөрөмжийн ачаар манай цусны албаныхан хүний цусаар төрөл бүрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, эмнэлгүүдийн хэрэгцээг хангасаар байна. Тиймээс энэ удаа хүмүүсийн бэлэглэсэн цусаар яг ямар бүтээгдэхүүн үйлдвэрлэж, юунд ашигладгийг сурвалжилсан юм.
“Цус бол нэг ёсны эрхтэн. Хэн нэгний цусыг нөгөөд сэлбэнэ гэдэг нь эрхтэн шилжүүлэн суулгахтай адил зүйл” гэж Цус сэлбэлт судлалын үндэсний төв (ЦССҮТ)-ийн Технологийн тасгийн эрхлэгч Н.Халиун хэлэв. Тус төвийнхөн шинэ байр (Улсын II эмнэлгийн зүүн талд)-нд нүүж ороод удаагүй байгаа.
Баянзүрх цус цуглуулах төв нэрээр үйл ажиллагаагаа явуулж буй тэд нийслэлийн салбар төвүүддээ хуримтлуулсан цусаар 10 гаруй төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг юм байна. Өнгөрсөн мягмар гаригийн 15.00 цаг орчимд тус төвд очиход ажил ид өрнөж, Н.Халиун эрхлэгч үйлдвэрийнхээ шат дамжлагуудыг бидэнд танилцуулав.
Тэд доноруудын сайн дураараа өгсөн нэг удаагийн 350-400 мл цуснаас улаан эс, сийвэн, ялтаст эсийг ялган авч, бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг аж. Ингэх явцдаа олон шат дамжлагаар улаан эс л гэхэд угаасан, өтгөрүүлсэн, даршилсан, цагаан эсгүйжүүлсэн гэх зэрэг олон бүтээгдэхүүн болдог байна. Улаан эсийг нэмэх 2-6 градуст 42 хоног хадгалдаг бол хөлдөөсөн сийвэнг -40-60 градуст 2-5 жил, түүнээс удаан хугацаагаар нөөцлөх боломжтой.
Харин ялтаст эс хадгалах хугацаа богинотой, 3-5 хоноод л ашиглах боломжгүй болдог гэнэ. Тиймээс уг бүтээгдэхүүнийг өдөр бүр хийдэг юм билээ. Тэгэхээр нэг донорын цуснаас дээрх гурван бүтээгдэхүүнийг голчилж ялган авдаг тул гурван хүний амийг авардаг гэж хүмүүст сурталчилдаг аж.
Н.Халиун “Цус, цусан бүтээгдэхүүнийг хэрэглэх заалт өргөн, төрөл нь ч олон. Улаан эс хүний биед хүчилтөрөгч зөөвөрлөх үүрэгтэй тул бүх төрлийн цус алдалтад, олон эрхтэний эмгэгийн үед өвчтөнд сэлбэнэ. Тэгвэл хөлдөөсөн сийвэн цус тогтоох үйлчилгээ сайтай тул цус бүлэгнүүлдэг факторуудыг нөхөх зорилгоор эмнэлгүүд өргөн хэрэглэдэг. Ялтаст эс өвөрмөц шинж чанартай учир цус алдахаас урьдчилан сэргийлэх, томоохон хагалгааны үед их хэмжээгээр ашиглана. Манайх өдгөө 13 төрлийн цус, цусан бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаагийн хоёр нь урвалж оношлуур.
Цусны бүлэг тодорхойлдог урвалжийг бид улсын хэмжээнд эмнэлгүүдэд нийлүүлж байна. Өдгөө Улсын нэгдүгээр төв эмнэлэгт ясны чөмөг шилжүүлэн суулгах хагалгааг нэг, элэг солих мэс заслыг хоёр хүнд хийх гэж буй. Тиймээс хагалгаанд шаардлагатай цус, цусан бүтээгдэхүүнийг бэлтгэж байна. Эрхтэн шилжүүлэн суулгах хагалгааны үеэр их хэмжээний шингэн сэлбэх шаардлага гардаг учраас нөөцөө сайн бүрдүүлэхгүй бол болохгүй.
Тухайлбал, элэг шилжүүлэн суулгуулах гэж буй өвчтөнд л улаан эс 20 нэгж, хөлдөөсөн шинэ сийвэн 30 нэгж, ялтаст эсийн өтгөрүүлэг 10 нэгж ордог. Нэг уут буюу 350-400 мл шингэнийг нэгж гэнэ. Тэгэхээр хагалгааны үеэр нэг өвчтөнд 50-60 донорын цуснаас гарган авсан бүтээгдэхүүн хэрэглэдэг гэсэн үг” гэж ярив.
Эднийх амархан мууддаг бүтээгдэхүүнээ нөөцлөхдөө дотооддоо зохицуулалт хийдэг аж. Үйлдвэрлэж буй нийт бүтээгдэхүүнийх нь 4-5 хувь гологдож, хаягддаг байна. Өдгөө ЦССҮТ суурин болон явуулын цэгүүдээрээ дамжуулан цус цуглуулж буй. Баянгол, Сүхбаатар, Баянзүрх цус цуглуулах төвд иргэд сайн дураараа ханддаг бол явуулын баг долоо хоногийн таван өдөр албан байгууллагуудаар явж, сургалт сурталчилгаа хийн, түүхий эдийн нөөцөө бүрдүүлдэг гэнэ.
Өдөрт цусаа бэлэглэж буй хүн 100-гаас буудаггүй гэж тус төвийнхэн хэлнэ лээ. Гэхдээ доноруудын цусанд ХДХВ/ДОХ, В, С вирус, тэмбүүгийн шинжилгээ хийхэд эдгээр өвчний зарим нь илэрдэг тул 7-8 хувь нь хорогддог аж. 24 цагаар байнгын бэлэн байдалд ажилладаг тэд нийслэлийн хэмжээнд хувийн болон улсын 70 гаруй эмнэлэгт өдөрт дунджаар 200 нэгж цус нийлүүлж байна. Улсын I, II, III төв эмнэлэг, Гэмтэл, Хавдар судлалын үндэсний төв, төрөх эмнэлгүүд цус, цусан бүтээгдэхүүн их хэрэглэж байгааг албаныхан хэлсэн юм.
Хүмүүсийн цусыг I-IV бүлэгт хуваан ангилдаг. Бүлэг тус бүр нэмэх, хасах резустэй бөгөөд хүн амын 90 хувь нь эерэг цустай аж. Харин үлдсэн нь хасах резустэй гэсэн үг. Тиймээс орон нутаг руу ийм ховор бүлгийн цус, цусан бүтээгдэхүүнүүдийг ЦССҮТ нийлүүлж буй аж. Өдгөө 21 аймагт байрлах 23 салбар төв нь Азийн хөгжлийн банкны дэмжлэгээр тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдан, шаардлагатай цусан бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэж эхлээд буйг дуулгав.
Эмнэлгүүд улаан эс, сийвэнг өргөн хэрэглэдэг тул 1500 нэгж улаан эс, 4000 нэгж хөлдөөсөн сийвэн нөөцлөөд буйгаа Н.Халиун эрхлэгч хэлэв. Гэхдээ гэнэтийн осол, гамшиг болбол энэ нь хэдхэн хоног ашиглаад дуусах тул өдөр бүр нөөцөө нэмэх шаардлагатай байдаг аж. Цуснаас дээрх бүтээгдэхүүнүүдийг хэрхэн ялгаж авдгийг сонирхтол “Донороос авсан эрүүл цусыг хурилтуур (автомат машин)-т хийж эргүүлээд сийвэнг ялгаад авчихна.
Өөрөөр хэлбэл, уг төхөөрөмжийн тусламжтайгаар улаан эс дороо, бусад шингэн нь дээрээ тунарчихдаг. Түүний дараа тусгай шахагч машинаар сийвэнгээ ялган авч, маш хурдан хөлдөөх ёстой. Тэгж байж цус тогтоох үйлчилгээнийх нь идэвхийг алдагдуулахгүй. Өмнө нь дөрвөн машин дээр энэ бүхнийг хийж, хугацаа алддаг байсан бол одоо дэвшилт тоног төхөөрөмжийн ачаар таван машинд (нэг аппаратад 12) 60 нэгж цусыг нэгэн зэрэг боловсруулж байна. Түргэн хөлдөөдөг төхөөрөмж суурилуулснаар бүтээгдэхүүний чанар ч сайжирсан. Сийвэнгээс л гэхэд Криопреципитат (цус бүлэгнэдэггүй эмгэгтэй, цус гоождог хүмүүст), түүнээс илүү гарснаас нь К сийвэн гарган авдаг.
Тэгвэл улаан эсэнд уусмал нэмэнгүүт даршилсан улаан эс, уусмал хийгээгүйг нь өтгөрүүлэг, технологийн дагуу гурван удаа угаасныг угаасан улаан эс гэх зэргээр ангилж, үйлдвэрлэж байна. Олон удаа цус сэлбүүлэх өвчтөнүүдэд угаасан улаан эс түлхүү хэрэглэдэг. Мөн зориулалтын шүүлтүүрээр улаан эснээс цагааныг ялгана. Үүнийг цагаан эсгүйжүүлсэн улаан эс гэх бөгөөд эрхтэн шилжүүлэх хагалгаанд голдуу ашиглана.
Учир нь ийм мэс засал хийлгэж буй хүмүүс их эмзэг, цус сэлбэхээр таарахгүй харшилж, бие нь муудах нь бий. Тиймээс цагаан эсийг нь ялгасан бүтээгдэхүүн хэрэглэнэ. Эдгээрийг үйлдвэрлэхийн тулд өндөр өртөг шаарддаг. Зарим томоохон хагалгаанд шаарддаг бүтээгдэхүүн маш үнэтэй. Захиалгаар хийдэг, нэгж нь 450 мянган төгрөгийн өртөгтэй эд ч бий. Тиймдээ ч манай төсөв хэзээ ч нөхөгддөггүй, ашгийн бус байгууллага шүү дээ” гэсэн юм.
Энэ онд тэд “супер” технологи нэвтрүүлсэн нь өвчтөнүүдэд өргөн хэрэглэдэг улаан эсийн хадгалах горимыг өөрчилсөн явдал байв. Энэ нь 42 хоног болоод мууддаг улаан эсийн бүтээгдэхүүнийг глицеринжүүлээд (тос) -80 градуст 5-10 жил хадгалж болдог технологи гэнэ. Нэг үгээр хэлбэл, улаан эсээ гэмтээхгүйн тулд гадуур нь тосон бүрхүүл үүсгэн, хадгалж буй аж.
Нэн тэргүүнд ховор тохиох хасах резус цустай хүмүүст зориулан улаан эсийн нөөц бүрдүүлэхээр бүтээгдэхүүнээ хадгалаад эхэлсэн байхтай нь бид таарсан юм. Ингэснээр цаашид цусны алба улаан эсийн бүтээгдэхүүн хаядаггүй болно гэсэн үг юм.