ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат Дорнод аймгийн хордлогын голомтод ажиллаж, голомтыг таслан зогсоох арга хэмжээг мэргэжил аргазүйн удирдлагаар ханган, олон хүний амь насыг аврах ажилд цаг наргүй зүтгэсэн эмч нартаа ЭМЯ-ны Удирдлагын зөвлөлийн өмнөөс талархал илэрхийлж, цаашдын ажилд нь өндөр амжилт хүслээ.
Дашрамд сануулахад, Дорнод аймагт үйл ажиллагаа явуулдаг “Зөв боломж” ХХК-ийн ажилтнууд Үл мэдэгдэх шингэн зүйлийг архи гэж уусны улмаас хордон 23 хүн эмчлүүлж мөн ЭМЯ-наас мэргэжлийн эмч нарын баг томилон явуулсан. Одоогоор 17 хүн эмнэлгийн тусламж үйлчилгээ авч байна. Техникийн спиртийн холимог, метилийн спиртийн хольцтой шингэний хордлогод орсон. 15 хүний тав нь эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байгаа бол бусад нь ерөнхий эмчилгээ хийлгэж байгаа юм. Монгол Улсын стандарт заагдсан хордлого тайлах ерөнхий эмчилгээ, спиртийн хордлого тайлах, цус цэвэршүүлэх зэрэг давхардсан тоогоор 14 удаа энэ төрлийн эмчилгээ хийсэн. Хордсон иргэдийн биеийн байдал тогтвортой, сайжрах төлөвтэй байгаа юм байна.