Цус сэлбэлт судлалын үндэсний төв (ЦССҮТ)-ийн шинэ байр өнгөрсөн зургадугаар сард ашиглалтад орсон ч тоног төхөөрөмжөө бүрэн суурилуулалгүй удсан юм. Тэгвэл тус төвийнхөн саяхнаас шинэ байрандаа үйл ажиллагаа явуулж эхэллээ. Улсын II төв эмнэлгийн хажууд байрлах, дөрвөн давхар энэ байрны хаяг нь Баянзүрх цус цуглуулах төв.
ЦССҮТ-ийн захирал, доктор Н.Эрдэнэбаяр “Бид олон улсын жишгээр ажиллая гэвэл дүүрэг бүрт цусны салбар төв байгуулах шаардлагатай. Одоогоор Баянгол, Сүхбаатар, Баянзүрх дүүрэгт ийм алба байгуулаад байна. Засгийн газар цус цуглуулах, шинжлэх, үйлдвэрлэх, хадгалах орчин үеийн технологи бүхий барилга барьж өгсөн.
Үүний ачаар цус, цусан бүтээгдэхүүнийг туяагаар шарах, хүйтэн өрөөнд нөөцлөх, улаан эсийг хөлдөөж хадгалах, донорын цуснаас улаан, цагаан болон ялтаст эс ялгах зэргийг чаддаг боллоо. Өөрөөр хэлбэл, манай улсын цусны албаны хүчин чадал 3-5 дахин нэмэгдэн, бүтээгдэхүүнээ олон улсын жишгээр чанартай үйлдвэрлэж байна” гэсэн юм.
Засгийн газрын 2.9 тэрбум, Азийн хөгжлийн банкны 419 сая төгрөгийн нэмэлт санхүүжилтээр барьсан дээрх төв нэгэн зэрэг 16 хүнээс цус авах боломжтой, орчин үеийн дэвшилт тоног төхөөрөмжөөр бүрэн хангагджээ.
Мөн “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-5” төслийн хүрээнд ЦССҮТ үйл ажиллагаандаа “Чанарын удирдлагын тогтолцоо MNS:ISO 9001:2015” олон улсын стандарт нэвтрүүлэх гэж байна. Үүнийг хэрхэн хэрэгжүүлэх талаар Канадын олон улсын нийгэмлэгийн чанарын удирлагын тогтолцооны зөвлөх Смит Сибинга энэ сарын 16-18-нд эмч, мэргэжилтнүүдэд ур чадвар, онол, практикийн сургалт явуулах юм байна.
Дашрамд дурдахад, Улаанбаатар хотын 1000 хүн тутмын 15 нь цусаа өгдөг бол орон нутагт энэ үзүүлэлт гурав дахин бага байна. Гэхдээ сүүлийн гурван жилд донорын тоо 35 хувиар нэмэгдсэн гэж албаны хүмүүс хэлэв. Таны бэлэглэсэн нэг удаагийн цус гурван хүний амь авардаг. Учир нь донорын цуснаас улаан эс, ялтаст эс болон сийвэн гэсэн гурван төрлийн бүтээгдэхүүн гарган авч, өвчтөнд хэрэглэдэг.