Таны ам цанган, ойр ойрхон шээж, нүд бүрэлзэн, ядарч сульдаад байвал цусан дахь чихрийн хэмжээгээ нэн даруй шинжлүүлээрэй. Учир нь хараагүй болох, хөл, гараа алдахаас өгсүүлээд зүрхний шигдээс, тархинд цус харвах үндсэн шалтгаан болж буй чихрийн шижин гэх аюулт өвчин туссан байж мэдэх юм.
Энэ өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр өчигдөр тохиож, улсын болон хувийн эмнэлгүүд иргэдэд үзлэг, шинжилгээ хийн, зөвлөгөө өглөө. Улсын нэгдүгээр төв эмнэлгийнхэн хэвтэн эмчлүүлэгчдэдээ энэ өвчний
талаар сургалт явуулж, зөв зохистой хооллохыг үлгэрлэн, хоолны өдөрлөг зохион байгуулсан бол “Грандмед” эмнэлэг Чихрийн шижин өвчинтэй тэмцэх дэлхийн өдрийн арга хэмжээнд гурав дахь жилдээ нэгдэн, иргэдийг үзлэг, шинжилгээнд үнэгүй хамруулав.
Хөдөлгөөний дутагдал, хэт таргалах, буруу хооллох, архи, тамхи хэтрүүлэн хэрэглэх нь чихрийн шижинг үүсгэх гол хүчин зүйл болж буй. Тиймээс уг өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд биеийн жингээ хэвийн байлгаж, амьдралын зөв дадалд суралцах хэрэгтэйг эмч нар зөвлөлөө. Уг өвчинтэй холбоотой зарим тоог инфографикт харуулав.