Нийслэлийн хэмжээнд анхны Диабетийн төвийг Сүхбаатар дүүргийн Эрүүл Мэндийн төвд шинээр нээн тусламж үйлчилгээгээ өргөжүүлжээ.
Чихрийн шижингийн өвчлөл хотжилт, суурин амьдралын хэв маягтай холбоотой ихсэж, хүндрэл нэмэгдэж байгаа нь нас баралтын шалтгаан болохоос гадна, тухайн өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох, тусламж үйлчилгээг өргөжүүлэх асуудал эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудлын нэг болж байна.
Иймд уг өвчний тусламж үйлчилгээ, хяналтын чанар хүртээмжийг сайжруулах, цочмог болон архаг хүндрэлээс сэргийлэх зорилгоор нийслэлийн хэмжээнд анх удаа Сүхбаатар дүүргийн Эрүүл Мэндийн төв Диабетийн төвийг нээн тусламж үйлчилгээгээ өргөжүүллээ. Тус төвийг нээхэд Дани улсын Ново Нордиск компани санхүүгийн болон үйл ажиллагааны дэмжлэг үзүүлсэн байна.
Нээлтийн үйл ажиллагаанд НЭМГ, Диабетийн эмч нарын холбооны тэргүүн, Дани улсын Ново Нордиск компанийн төлөөлөгч, дүүргүүдийн Эрүүл мэндийн төвийн дарга, удирдлага, дотоод шүүрэл булчирхайн эмч, сургагч багш, хоол зүйч нар оролцлоо.