ДЭМБ арваннэгдүгээр сарын хоёр, гурав дахь долоо хоногт хүн төрөлхтнийг эмэнд болгоомжтой хандах, зохистой хэрэглэхийг уриалдаг уламжлалтай. Ази, Номхон далайн бүсийн орнуудын иргэд нянгийн эсрэг эмэнд дассан, үүнээсээ сэргийлэх арга хэмжээ авдаггүй болох нь ДЭМБ-ын 2015 онд хийсэн судалгаагаар нотлогдсон байдаг.
Тэгвэл хүн амын дундах антибиотикийн хэрэглээ, тулгамдаж буй асуудлаар Улсын нэгдүгээр төв эмнэлгийн эм судлаач, клиникийн профессор Ш.Энхтуяатай ярилцлаа.
-Антибиотикийг яагаад эмчийн заавраар хэрэглэх ёстой вэ гэдэг асуултын өмнө уг эмийн онцлог, хэрэгцээ шаардлагыг ярих нь зүйтэй байх.
-Хүн төрөлхтөн антибиотикийг 70 гаруй жил өргөн хэрэглэлээ. Антибиотик нь аnti-эсрэг, biotik-амьд гэсэн үгнээс гаралтай, амьд амьтны эсрэг үйлчилдэг гэсэн үг. Зүрх, даралтны эмээс ялгаатай нь хүний бие махбодийн үйл ажиллагаанд шууд нөлөөлөхгүй, бие дэх бичил биетийн эсрэг үйлчилдэг. Нүдэнд харагдахгүй хэрнээ бидний биед нян, вирус, мөөгөнцөр, эгэл биетнүүд амьдардаг шүү дээ.
Тэдгээрийн эсрэг халдварын эмүүд хэрэглэдэг юм. Нянгийн эсрэг үйлчилгээтэйг нь бид антибиотик гэж нэрлэдэг. Ханиад томууг вирус үүсгэдэг. Гэтэл хүмүүс антибиотик (бичил биетийн эсрэг) уугаад байдаг нь харамсалтай. Энэ нь огт нөлөө үзүүлэхгүйгээс гадна харин ч бие дэх ашигтай нянгуудыг үхүүлж, дархлааг улам сулруулдаг. Буруу эмчилсэн ханиад мөд эдгэдэггүйн учир нь энэ.
-Тэгвэл нянгийн гаралтай өвчнүүдэд л антибиотикийг хэрэглэх нь ээ?
-Тийм ээ. Антибиотик нь нянгийн өсөлтийг зогсоож, үхүүлдэг. Гэхдээ антибиотикууд бүх төрлийн нянд адилхан үйлчилдэггүй. Юуны урьд уг өвчин ямар нянгаас үүссэнийг мэдэх нь чухал. Нянгийн тэсвэрлэх чанар харилцан адилгүйгээс болоод антибиотикууд үйлчлэхгүй байх тохиолдол ч бий. Хамгийн гол нь тухайн хүнд тохирох, эсэхийг шалгах шаардлагатай.
Эмчлүүлэгчийн нас, хүйс, хавсарсан өвчин, зүрх, элэг, бөөр зэрэг амин эрхтний үйл ажиллагааг шинжилж, хоол хүнс, хорт зуршлыг нь ч давхар судлах хэрэгтэй. Тэгсний дараа антибиотик ууж болно.
-Антибиотик үүсээгүй байхад хүн төрөлхтөн халдварт өвчинд үй олноороо өртөж, сүйрч байсан гэдэг. Харин одоо энэ эмнээс болоод хүмүүс үхэж байна шүү дээ. Үүнийг хэрхэн тайлбарлах вэ?
-Арьсны жижигхэн шархнаас болоод л хүн үхдэг байсан юм билээ. Үүнийг анагаахын шинжлэх ухаанд “Антибиотикийн өмнөх үе” гэж нэрлэдэг. 1941 онд Алберт Александр гэдэг хүн анх пенициллинийг хэрэглээнд нэвтрүүлснээр антибиотикийн эрин үе эхэлсэн гэж үздэг. Өнгөрсөн 70 гаруй жилд 30 орчим төрлийн 100-гаад нэрийн (олон улсын нэршлээр) антибиотик шинээр гарган авч, өргөн хэрэглэж ирсэн. Харамсалтай нь, нянгийн эсрэг тэмцэлд хүн төрөлхтний байгуулсан гавьяа богино настай байлаа.
Антибиотик хэрэглэж эхэлсний дараахнаас л нянгууд бэлдмэлд тэсвэртэй болсон. Өөрөөр хэлбэл, антибиотикийн хэрэглээ ихсэх тусам нянгууд тэсвэржиж, шинээр гарган авах эмийн тоо ч цөөрч байна. Учир нь нэг төрлийн антибиотик гарган авч, зах зээлд нийлүүлэхэд 7-10 жил шаарддаг бол нян 2-8 жилийн дотор эмэнд тэсвэрлэх процесс нь шинэчлэгддэг.
Тэгэхээр бид уг эмийг зохисгүй хэрэглэснээс болоод дархлаагаа үхүүлж, нянг улам үржүүлсээр байна. Дэлхий даяар олон эмэнд тэсвэртэй нянгууд бүртгэгдэн, хамгийн “хүчирхэг” антибиотикт ч дарагдахгүй байна шүү дээ. Энэ байдал удаан үргэлжилбэл нянгийн эсрэг эм хүн төрөлхтөнд үгүй болж, “Антибиотикийн өмнөх үе” рүүгээ эргэн очих цаг ойрхон ирснийг эрдэмтэд сануулж буй.
-Ийм байдалд орохгүйн тулд бид юу хийх ёстой бол?
-Манай улс эртнээс антибиотикийг замбараагүй хэрэглэж ирсэн. Одоо энэ буруу хандлага, зуршлаа нэн даруй засаж, иргэдэд зөв зохистой хэрэглээ төлөвшүүлэх шаардлагатай. Сүүлийн жилүүдэд мал, амьтанд хүртэл антибиотикийг дур мэдэн ихээр хэрэглэж байна. Антибиотиктой мах, сүү хэрэглэсэн хүмүүст нян тэсвэржих эрсдэл нэмэгддэг. Тиймээс антибиотикийг зохистой хэрэглэхэд эмнэлгийнхний үүрэг маш чухал.
Ихэнх халдварт өвчинд бус зөвхөн хүндэрсэнд нь уг эмийг хэрэглэх, эмнэлгийн бус нөхцөлд уулгахгүй байх хэрэгтэй. Мөн үйлдвэрлэж, борлуулахад нэгдсэн бодлого баримтлан, зөвхөн эмчийн жороор олгох, ялангуяа өргөн хүрээний үйлдэлтэй, “өндөр хүчин чадалтай” антибиотикуудын хэрэглээг хязгаарлах шаардлагатай байна.
Эмийн тун хоорондын зай, эмчилгээ үргэлжлэх хугацааг оновчтой тогтоох, иргэдэд энэ талаарх мэдээллийг сайтар түгээмээр санагддаг. Нийгмээрээ л үүнд анхаарлаа хандуулж, дор бүрнээ хичээх цаг болжээ. Эсэн мэнд оршин тогтнохын тулд бичил “дайсны” довтолгоог өөрийн бие махбодийн хүчээр дарах чадвар суулгах, дархлаагаа хүчирхэг байлгахыг зөвлөе.