Сэргээн засалт, хөгжлийн үндэсний төв (СЗХҮТ), “JCI лидер” төрийн бус байгууллага хамтран, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг элэгний B, C вирусийн шинжилгээнд хамруулж эхэллээ. Тэднийг хавсарсан эмгэгтэй болохоос нь ийн урьдчилан сэргийлж буй аж. Вирусгүй хүмүүсийг 29-нөөс В-гийн вакцинд хамруулах гэнэ. Өчигдөр 150 хүнээс шинжилгээ аваад байв.
Энэ сарын 25-ныг дуустал СЗХҮТ-ийн II байранд түргэвчилсэн оношлуураар шинжилгээг үнэ төлбөргүй авах тул иргэдийг идэвхтэй хамрагдахыг тус төвийн харьяа Сэргээн засах эмнэлгийн дарга С.Молор-Эрдэнэ зөвлөв. С вирус устдаг ч В нь насан туршдаа хүний биед үүрлэн амьдрах чадвартай. Эрт үед нь бүрэн эмчлэхгүй бол элэгний хатуурал, хавдар үүсгэн улмаар үхэлд хүргэдэг тул нийгмийн зорилтот бүлэгт эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг жигд, хүртээмжтэй хүргэхээр зорьж байгааг СЗХҮТ-ийнхөн хэлэв.