Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг (хуучнаар)-ийн шинэ барилгыг Улсын нэгдүгээр төв эмнэлгийн салбар амбулатори болгон, хоёр сарын өмнөөс нээсэн билээ. Улс хэдийгээр тус барилгыг Нэгдүгээр эмнэлгийн харьяанд шилжүүлсэн ч дотоод засвар, үйлчилгээнд нь мөнгө төсөвлөж өгөөгүй.
Тус эмнэлгийнхэн дотоод нөөц бололцоогоо ашиглан, засаж тохижуулаад эрүүл мэндийн даатгалтай иргэдэд харьяалал харгалзахгүй үйлчилж байна. Тэр дундаа төрийн тусгай албан хаагчид, тэдний ар гэрийнхнийг дараалалгүй үзэж буй талаар Улсын нэгдүгээр төв эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн дэд захирал Д.Чулуунбаатар хэлэв.
Өдгөө элэг цөс, ЭХО, дуран, рентген, мэдрэл, бүдүүн, шулуун гэдэс, бөөр, ерөнхий мэс засал, уламжлалт, зүү, чих, хамар, хоолойн кабинет ажиллуулж байгаа аж. Цаашид үзлэгийн өрөөнийхөө тоог 23 болгохоор зорьж буй юм байна. Үйл ажиллагаа нь жигдэрвэл жилд дунджаар 150 мянган хүнд амбулаторийн үзлэг хийх боломжтой гэнэ.