Хоёр сар гаруйн өмнө “Өнөөдөр” сонин “Эл нинотой танилц” нийтлэлээрээ энэ зун хэт халж болзошгүйг сэрэмжлүүлж байсан. Номхон далайд үүсдэг цаг уурын энэхүү сонин үзэгдлийн нөлөөгөөр өнгөрсөн жилийн сүүлч, энэ оны эхээр Европт 40, Ойрхи дорнодод 50 градус хүрч, халж байжээ. Далайн гадаргын усны температур 0.5 градус болон түүнээс дээш хэмжээгээр халахад эл нино үүсдэг аж. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл ч энэ талаар ОБЕГ-т сануулж, бэлтгэлтэй байхыг анхааруулсан. Тэгвэл долдугаар сарын дунд үеэс одоог хүртэл нийт нутгаар 30 градусаас буухгүй, Улаанбаатарт 33-36, говийн аймгуудад 38-40 хүрч, “шатааж” байна. Хөрсөн дээрээ бүр 40-44 градус хүрч байгаа аж. Ирэх өдрүүдэд ч хэт хална гэж “тэнгэрийн зурхайд” буужээ. Гэсэн ч Цаг уур, орчны шинжилгээний газрынхан “Одоогийн нөхцөл байдал онц аюултай хэмжээнд хүрсэн зүйлгүй. Олон жилийн дунджийн түвшинд л халж байна. Цаашид хэт өндөр халахгүй ч тодорхой хэмжээнд нар шарна” гэсэн юм. Цаг уурчид үнэн зөв мэдээлэл хүргэхгүй байгаагаас иргэд барьц алдаж байна шүү дээ.
Тодруулбал, хэт халсны улмаас Түргэн тусламжийн төвийн дуудлага ердийн үеийнхээс нэмэгдэн, иргэдийн дунд тархинд цус харвах, зүрхний шигдээс болох эрсдэл өндөр байгааг мэргэжлийн эмч нар хэллээ. Учир нь хэт халуунд хүний бүх биеийн судас тэлж, тархины цусан хангамж хомсрон, харвадаг байна. Мөн хөлс ихээр ялгарах тусам биед шингэн дутагдаж, цус өтгөрснөөр харвах, зүрхний шигдээс болох нөхцөл үүсдэг гэнэ. Иймд хэт халуунд өдөрт 2-3 литр ус уух, зүрх, судасны өвчтэй, даралт ихсэж, багасдаг хүмүүс 12.00-20.00 цагт гэрээсээ аль болох гаралгүй, хүйтэн шүршүүрт 2-3 удаа орж байхыг Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийнхэн зөвлөж байна. 40-өөс дээш насныхан даралтаа тогтмол хянаж, нарны малгай, шил, сүүдрэвч хэрэглэх, хэт их өөх тостой хоол идэхгүй, чихэрлэг хүнснээс татгалзаарай.