ЭХЭМҮТ-ийн Эх барих, эмэгтэйчүүдийн эмнэлгийн тусламж үйлчилгээ хариуцсан зохицуулагч, Эх барих, эмэгтэйчүүдийн ахлах зэрэгтэй эмч Н.Алгирмаатай ярилцлаа.
-Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв нь улсын хэмжээнд эх, хүүхдэд тусламж, үйлчилгээ үзүүлдэг III шатлалын төрөлжсөн эмнэлэг. Энэ утгаараа ачаалал ихтэй байдаг. Үргүйдэл, нөхөн үржихүйн төвтэй болсноор ачаалал бүр ч нэмэгдсэн байх. Энэ тухай эхлээд ярихгүй юу?
ЭХЭМҮТ-д сүүлийн жилүүдэд орчин үеийн шинэ дэвшилтэт технологи, тусламж үйлчилгээний нэр төрлүүд нэмэгдсээр байгаа. Тухайлбал Эх барих, эмэгтэйчүүдийн эмнэлэгт Анагаахын удам зүйн лабораторийн үйл ажиллагаа жигдэрсэнээр жирэмсэн үеийн ховор эмгэгүүд, ургийн төрөлхийн хөгжлийн гажиг, хромосомын өвчний эрт үеийн оношилгоо сайжирсан.
Үргүйдэл нөхөн үржихүйн төв шинээр байгуулагдсанаар үргүйдэлтэй хосуудад цогц тусламж үйлчилгээг үзүүлэх боломж бүрдсэн. Үр шилжүүлэн суулгасан хүүхдүүдээ өнгөрсөн дөрөвдүгээр сард эх бариж аваад байгаа. Зохиомлоор үр шилжүүлэн суулгах эмчилгээ нь өндөр нарийн технологийн дор мэргэшсэн эмч, мэргэжилтнүүд хамтарч ажиллаж байж үр дүнгээ өгдөг.
Энэхүү тусламж үйлчилгээг улсын эмнэлэгт үзүүлдэг болсоноор Монгол Улсын хүн ам өсөхөд чухал нөлөө үзүүлнэ гэж боддог. Мөн энэ чиглэлээр гадаад улсад өндөр өртгөөр эмчилгээнд явдаг хүмүүсийн тоо буурах байх аа. Мөн манай эмнэлэг улсын хэмжээнд дутуу төрөлтийн тусламж, үйлчилгээ үзүүлдгээрээ онцлог. Түүнчлэн төрөх явцад хярзангийн урагдлаас сэргийлэх хярзангийн иллэг, эмчилгээг нэвтрүүлээд байна. Ингэснээр төрөхөд эерэг нөлөө гарч буй нь судалгааны үр дүнгээр батлагдсан.
-Ойрын өдрүүдэд гадаа хэт халж байна. Энэ халуун нь жирэмсэн эмэгтэйчүүдэд сөргөөр нөлөөлөх болов уу?
-Нарших, үер, усны аюул, хоолны хордлогоос сэргийлэх, төрөх дөхсөн эхчүүд амаржих газраасаа холдохгүй байх хэрэгтэй. Цаг агаарын таагүй үзэгдэл нь жирэмсэн эмэгтэйн архаг хууч өвчнийг сэдрээх, хүндрүүлэх нөхцөл болдог учраас аль болох халуун наранд явахгүй байх нь зөв юм. Эрүүл эцэг, эхээс эрүүл хүүхэд төрдөг. Тиймээс жирэмслэхээсээ өмнө архаг хууч өвчнөө эмчлэх, хосууд урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах хэрэгтэй.
Гэр бүлээ төлөвлөж, үр хүүхэдтэй болсноор төрөхийн хүндрэлээс сэргийлэх боломжтой. Эмэгтэйчүүдэд нийтлэг тохиолддог хоолойн ангина, бөөрний үрэвслээ эмчлэх нь чухал. Ядаж л сэтгэл зүйгээ хэрхэн бэлтгэх, төрөхийн хүндрэл гарахаас яаж сэргийлэх, ургийн болон биеийн жиндээ анхаарах талаар үнэн бодит мэдээлэлтэй болох нь зүйтэй. Төрсний дараа умай агшиж, суларснаас хүндрэл гарах тохиолдол бий.
Тиймээс жирэмсний хяналтад аль болох эрт орж, тогтмол хугацаанд эмчдээ үзүүлэн, зөвлөгөөг сайн дагаснаар аливаа эрсдэл гаргахаас сэргийлэх боломжтой юм. Үүнд зөвхөн жирэмсэн эмэгтэй гэлгүй ар гэрийнхэн нь сайн тусалж, санаа тавих хэрэгтэй шүү.
-Хожуу үеийн хордлоготой гэдгээ өөрөө болон хяналтын эмч нь мэдээгүйгээс хүүхдээ алдсан харамсалтай явдал танил эгчид минь тохиолдолж байсан юм. Хожуу үеийн хордлогын шинж тэмдгийг хэлж өгөхгүй юу?
-Жирэмсний хожуу хордлого нь хүндэрсэн тохиолдолд эмчилгээнд үр дүн муутай байдаг бөгөөд жирэмслэлтийг үргэлжлүүлэх боломжгүй нөхцөлд хугацаанаас өмнө хүүхэд дутуу төрөх эрсдэлд хүргэдэг.
Тухайн эмэгтэйн нас, төрхийн онцлог, зарим архаг хууч өвчинтэй холбоотой жирэмсний хожуу хордлого хүндэрч болдог. Тиймээс жирэмсний хяналтад эрт орох (эхний гурван сарын дотор), хяналтын эмчийн заасан хугацаанд тогтмол үзүүлэх, эмчилгээ хийлгэснээр хожуу хордлогыг эмчлэх боломжтой болдог. Эмч нар бие давхар эмэгтэй бүрт жирэмсний аюултай шинжүүдийн талаар хэлж өгдөг.
Үүнийг мэдсэнээр хожуу хордлого хүндэрч, жирэмслэх, төрөх хүндрэл гарахаас сэргийлэх боломжтой. Жирэмсний аюултай шинж гэдэг нь толгой хүчтэй өвдөх, хүзүү хөших, гэнэт ихээр хавагнах, нүдэнд оч үзэгдэх, аюулхайд цанхайж өвдөх, дотор муухайрах, огиулах, шээсний гарц багасах, эсвэл ойр ойрхон шээс хүрэх, хүүхдийн хөдөлгөөн цөөрөх, хэвлийгээр хүчтэй базалж өвдөх, үтрээнээс цус эсвэл ус гарах, бөөлжих, өндөр халуурах, зэрэг зовиур илэрвэл эмчид яаралтай хандаарай.
-Сүүлийн үед дөрвөн кг-аас дээш жинтэй хүүхэд төрөхийг хэвийн гэж үздэг болсон тухай сонссон юм байна. Ургийн жингээ хянах боломжтой юу?
-Ургийн жин 3500 гр-аас дээш байх нь том жинд тооцогдохоос гадна, төрөх хүндрэл үүсгэхэд нөлөөлдөг. Төрөхөөс өмнөх хоёр сар буюу 32 долоо хоногтойгоос хойш төрөх хүртэлх хугацаанд ургийн жин хамгийн их (долоо хоногт 350-450 гр-аар) нэмэгддэг. Энэ хугацаанд ургийн жиндээ сайн анхаарах хэрэгтэй. Хэвийн явцтай жирэмсний хугацаанд эмэгтэйн биеийн жин 10-12 кг нэмэгддэг. Үүнээс илүү ихэссэн эсвэл бага байх нь асуудалтай тул хяналтын эмчдээ хандана.
-Хүүхэд эхийн хэвлийд байхдаа ургийн усаа залгих тохиолдол цөөнгүй гардаг гэсэн. Энэ нь аюултай юу?
-Төрөх явц удаан үргэлжилснээс хүүхэд ураг орчмын шингэнээ залгих тохиолдол гардаг. Ураг орчмын шингэн халдвартай байснаас төрсний дараа хүүхэд уушгины хатгалгаагаар өвчлөх, эндэх эрсдэлтэй.
-Жирэмсний эхэн үеийн хордлоготой нэгэн эмэгтэй “Өдөрт 7-10 удаа бөөлжөөд байна. Үүнийг яаж болиулах вэ” гэж асуулгасан юм.
-Жирэмсний эрт үеийн хордлого хөнгөн, дунд, хүнд гэсэн гурван хэлбэрээр явагддаг. Хөнгөн, дунд хэлбэрийг нь гэрийн нөхцөлд эмчийн заавраар эмчлэх боломжтой. Харин юу ч идэж, ууж чадахгүй, олон удаа бөөлжиж байгаа бол хяналтын эмчдээ яаралтай хандаж зөвлөгөө тусламж авах шаардлагатай.
-Ураг хүйгээрээ хүзүүгээ ороох, буруу байрлалтай байх үед хийсвэр хагалгаа хийх шаардлагатай юу?
-Хүүхэд эхийн хэвлийд байхдаа хүйгээрээ хүзүүгээ ороох тохиолдол гардаг. Хэт авиан шинжилгээгээр үүнийг оношлох боломжтой. Зарим тохиолдолд ургийн хүй урт богино, эхсийн хаана нь бэхлэгдсэнээс хамаарч төрөлт явагддаг. Хэрэв хүй богинохон, хүзүүгээ олон удаа ороосон тохиолдолд төрөх явцад татагдах, толгой доошлохгүй бол, гацах үүнээс болж ураг бүтэх тохиолдол байдаг. Зарим үед хүй нь хүзүүгээ 2-3 ороосон ч хэвийн төрөх нь бий. Тиймээс хүзүүгээ хүйгээрээ ороох тохиолдол бүрт хийсвэр хагалгаа хийх заалт болохгүй.
-Хийсвэр хагалгаагаар төрөх сонирхолтой эхчүүд нэмэгдэж буй тухай сонссон юм байна. Хийсвэрээр олон удаа ойрхон төрөхөд сав нимгэрдэг гэдэг шүү дээ.
-Төрөлт хэвийн эсвэл эмгэг байдлаар явагдаж болно. Хийсвэр хагалгааг тодорхой заалт гарсан тохиолдолд л хийдэг. Төрөх замаар төрөх нь эмэгтэйд болон хүүхдэд сайнаар нөлөөлдөг. Харин хийсвэр хагалгааг ялангуяа заалт нөхцөл бүрдээгүй үед хийх нь эрсдэл хүндрэлийг дагуулдаг муу талтай. Хийсвэрээр төрсөн эмэгтэй өөрөөрөө төрж ч болдог. Ер нь хийсвэрээр төрсөн бол төрөлт хоорондын зай нь гурван жил байх нь тохиромжтой. Үүнээс бага хугацаатай бол сорви нимгэрэх, дутуу төрөх эрсдэлтэй.
-Төрсний дараах илүүдэл жин эмэгтэйчүүдэд асуудал болдог. Эргээд хэвийн хэмжээндээ ороход юунд анхаарах хэрэгтэй бол?
-Төрсний дараа биеийн жин нэмэгдэхийг цагаан гурилан бүтээгдэхүүн хэт их хэрэглэх, буруу хооллолт, багагүй хувь нь сэтгэл гутралтай холбоотойгоор тайлбарлагддаг. Тиймээс төрсний дараа зөв хооллож, дасгал хөдөлгөөн хийх, сайн унтаж амрах, сэтгэл гутралаас зайлсхийх нь зүйтэй. Манай төвийн эмч нар олон улсын судлаачидтай хамтран “Төрсний дараах сэтгэл гутралыг үнэлэх” тухай судалгаа хийж байна. Судалгааны үр дүн гарахаар илүү нарийн мэдээлэл өгөх боломжтой болно.