Нялх биетэй эмэгтэй хөхөө дөрвөн удаа хагалуулсан ч тусыг эс олсон харамсалтай явдал Дархан-Уул аймагт болжээ. Тодруулбал, хоёр сарын өмнө тус аймгийн иргэний (нэрийг нь нууцлав) хөх хавдаж бэрсүүтээд аймгийнхаа Нэгдсэн эмнэлэгт хандсан аж. Эмнэлгийн мэс заслын эмчид үзүүлэхэд “Хагалгаа хийнэ” гээд хөхийг нь хагалжээ. Гэвч түүний бие сайжрахгүй байсаар нийтдээ дөрвөн удаа хагалгаа хийлгэсэн гэнэ.
Тэрбээр хамгийн сүүлд 10 гаруй хоногийн өмнө хагалгаанд орсон аж. Тэгсэн ч хавдар нь буухгүй байгаа тул дахин эмнэлэгт хандтал эмч нь “Одоо дахиад хагална. Өмнөх дөрвөн хагалгааг өнгөц хийсэн. Одоо гүн зүсэлт хийнэ” гэж хэлсэн. Энэ талаар тухайн иргэнээс тодруулахад “Аймгийн эмнэлэгт хөхний оношилгооны аппарат байхгүй гээд таамгаар хагалгаа хийсэн. Өвдсөн хэвээр байсан учир эмнэлэгтээ хандахаас өөр аргагүй шүү дээ.
Гэтэл очих бүрт л хагална гэдэг. Сая тав дахиа хагална гэхэд нь би эсэргүүцсэн. Манай аймгийн хэмжээнд хөхний оношилгооны аппараттай ганц хувийн эмнэлэг бий. Тус эмнэлэгт хандаж, хөхнийхөө зургийг авахуулахад доторх хэсгийг нь ухаж авахаас өөр аргагүй гэсэн. Аппарат нь байхгүй юм бол яагаад Улаанбаатар хот руу илгээж болоогүйг гайхаад байна.
Би одоо хувийн эмнэлэгт хандчихсан байгаа. Надаас өөр олон хүн ингэж хохирох вий гэдэг үүднээс л энэ бүгдийг ил болгож байна” гэв. Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийнхнээс энэ талаар тодруулахад “Сүүлийн гурван жил манайх техник хэрэгслээ сэлбэсэн. Гэхдээ хөхний оношилгооны аппарат байхгүй” гэлээ. Хөхөнд бэрсүү үүсэж, хүндэрсэн тохиолдолд мэс ажилбар хийхээс өөр аргагүй. Гэхдээ хөхний оношилгооны аппаратаар бэрсүү хаана байгааг харж, мэс заслыг оновчтой хийхгүй бол үхэлд хүргэх аюултайг мэргэжлийн хүмүүс хэлж байна.