Зуны улиралд хүүхэд багачууд төдийгүй залуус, томчууд ч савласан хөлдөөсөн тараг болох "Бабуулай"-г худалдан авах хандлагатай байдаг. Харин Хятадад савлагааг нь үйлдвэрлэдэг уг тарагны уутан дээрх хорноос хордох магадлалтай байна хэмээн Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас сэрэмжлүүлсэн талаар твиттерт цөөнгүй хүн жиргэжээ. Залуус хөлдөөсөн таргийг уутнаас бүрэн гаргалгүй хүлхэж идэх хандлагатай байдаг.
Харин энэ талаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын мэргэжилтнээс тодруулахад "Одоогоор "Бабуулай" гэх бүтээгдэхүүнээс хордсон гэх мэдээлэл, гомдол манайд ирээгүй. Мөн манайхаас энэ талаар иргэдэд сэрэмжлүүлэг гаргасан удаагүй. Магадгүй цахим сүлжээнд хэсэг хүмүүс энэ сэдвийг хөндөж бичсэн нь буруу ойлголцол үүсгэсэн байж болзошгүй" гэв.