Иргэд амарч, зугаалахаар хөдөөг зорих нь ихэссэн энэ үед Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс хачиганд хазуулахаас сэргийлэхийг иргэдэд анхааруулж байна. Сүүлийн үед хачигт хазуулан, халдвар авсан байж болзошгүй шинж тэмдэгтэй хүн эмнэлэгт хандах нь эрс олширчээ.
Тодруулбал, энэ сарын эхний долоо хоногийн байдлаар тус төвд зоонозын халдварт өвчний сэжигтэй, яаралтай 36 дуудлага ирсний 94.4 хувь буюу 34 нь хачигт халдвар авсан байж болзошгүй байжээ. Он гарсаар улсын хэмжээнд 17 аймгийн 96 сум, найман дүүргээс хачигт халдвар туссан байж мэдэх 526 хүн бүртгэгдсэн байна. Үүнээс 196 нь хачгаар дамжих халдварт өвчин туссан болох нь шинжилгээгээр батлагджээ.
Энэ нь олон жилийн дунджаас хоёр дахин өссөн үзүүлэлт гэнэ. ХӨСҮТ-ийн галзуугийн эсрэг вакцины нөөц дууссан учраас халдварт өвчин дэгдсэн үед хэрэглэхээр бэлэн байлгаж буй вакциныг аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газрын хүсэлтээр яаралтай тохиолдолд нийлүүлж буй аж.
Тиймээс ойн болон бэлчээрийн хачиг идэвхиждэг энэ үед иргэд хачиг “үргээгч” бодис, тосон түрхлэг хэрэглэх, тод өнгийн битүү хувцас өмсөх, малын сүүг хөөрүүлж уух, вакцинд хамрагдах зэргээр сэргийлэхийг ЗӨСҮТ-өөс зөвлөж байна.