Нарны хордлого авсан хүнд гэрийн нөхцөлд үзүүлэх тусламж нь хүйтэн ус толгой дээрээс нь асгах, хүйтэн усанд бүх биеээр нь оруулах, нойтон алчуураар ороох зэрэг энгийн аргуудаас эхлэнэ. Нарны хордлогын үед хүний бие шингэнээр дутагддаг учир цэвэр ус, хярам уухыг зөвлөе. Гэхдээ шингэн уухдаа бага багаар уухгүй бол бөөлжиж мэднэ. Уух шингэний хэмжээ нь хордлого авсан хүний нас, биеийн жингээс хамаарна.
Үүнд:
1-З настай бол 30-60 граммаар 20-30 минут тутамд
3-7 настай бол 60 -100 грамаар 30-40 минут тутамд
7-15 настай бол 100-200 граммаар 40-60 минут тутамд
Насанд хүрсэн хүн бол 200 граммаар 60-90 минут тутамд шингэн ууна. Нарны хордлого авсан хүн бөөлжих, гүйлгэх, даралт унах, толгой эргэх, нүд юм харахгүй болох, ухаан алдах зэрэг хүндрэл өгдөг. Энэ үед эмнэлгийн яаралтай тусламж хэрэгтэй.
Үүнд:
Физилогийн уусмал дуслаар хийх, глюкоз, витамин С, кокорбаксилаз тарьж тархины цусан хангамж, эд эсийн амьсгалыг сэргээх, өвчтөний биеийн байдлаас шалтгаалж зүрх судасны үйл ажиллагааг дэмжих эмийн эмчилгээ хийнэ. Нарны хордлогын үед гаднаас дулааны цохилт авч хүний биеийн дотоод дулаан үйлдвэрлэлт зогсдог. Өөрөөр хэлбэл бодисын солилцооны үр дүнд байнгын үйлдвэрлэгдэж байдаг дулаан гадагшлахаа болино. Түүнээс болоод дулааны тэнцвэр алддагддаг. Маш хүнд нарны цохилт авч, тусламж үзүүлж чадаагүй нөхцөлд дотоод дулаан хашилтанд орж, улмаар хүний биеийн бодисын солилцоо сааталд ордог аюултай. Эмнэлгийн нөхцөлд хийх эмчилгээ нь хордлого тайлах, зүрх судасны үйл ажиллагааг дэмжих, бодисын солилцооны болон дулааны алдагдсан тэнцвэрийг барихад чиглэнэ.
Иймд зуны улиралд наршилтаас сэргийлэх хэрэгтэй.
- Онцын ажилгүй бол гадуур явахгүй байх (Наранд аль болох бага явах)
- Нарны шууд тусгалаас хамгаалах нүдний шил, малгай зэргийг тогтмол хэрэглэх
- Гар, хөл, хүзүү зэргийг наранд ил гаргах хэрэггүй. Учир нь зөвхөн толгойноосоо халснаар наршдаггүй, нарны тусгалыг шууд хүлээн авч байгаа биеийн бусад хэсгүүдээр ч наршиж болно. Тиймээс хэт халуун өдөр майк, богино ханцуйтай цамц өмсөх биш урт ханцуйтай нимгэн цамц өмсөх
- Нярай хүүхдийг гадаа байлгахдаа сүүдрэвчинд байлгаж, чийглэг сэрүүн орчин бүрдүүлэх
- Наранд удаан хугацаанд байх шаардлага гарвал аль болох битүү хувцас өмсөөд толгойгоо ойр ойрхон норгох буюу нойтон алчуур, малгай хэрэглэх
- Шингэнийг аль болох олон хэлбэрээр (буцалгаж ширгээсэн ус, хөргөсөн цай, жимсний шүүс, хярам) ойр ойрхон уух зэрэг аргууд бий.