Хоёр хоногийн өмнө эмнэлэгт хэвтэж байсан найман сартай хүүхэд тарианаас болж амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ. Харин хүүгийн үхэлд тариа хийсэн сувилагч буруутай эсэхийг тогтоохын тулд Шүүх эмнэлэг рүү шилжүүлж, задлан шинжилгээнд оруулж байгаа аж. Харин өчигдөр буюу 6 сарын 17-ны өдөр хүүгийн эх Н.Цэрэнлхам "Задлангийн эхний хариу тодорхойгүй байна хэмээн гарч. Нүдэнд ил харагдах шарх бахйгүй гэж гарсан байна. Тариа хийж алчихаад яаж нүдэнд харагдах шарх байх юм бэ" хэмээж ээжүүдийг Баянгол дүүргийн эмнэлгийн гадаа цугларч жагсаал хийхийг уриалжээ. Үүний дагуу өнөөдөр 11.00 цагаас ээжүүд Баянгол дүүргийн Хүүхдийн эмнэлгийн гадаа цугларчээ.
Мөн УИХ-д нэр дэвшигч М.Нарантуяа өөрийн фэйсбүүк хуудаснаа "Ээжүүд Баянгол дүүргийн хүүхдийн эмнэлгийн урд өөрсдийн сэтгэл зүрхээрээ тал талаас цугларч байна.
Би өөрөө сонгуулийн хуулийн 70.5.1,70.5.2, 70.5.3д заасны дагуу энэхүү цуглаанд өөрийн биеэр очих боломжгүй болсон ч сэтгэл зүрхээрээ бүх ээжүүдтэйгээ энэ хэргийг дуустал хамтдаа байхаа илэрхийлж байна.
Төлөөлөл болгоод миний дотны найз эхчүүд бас очиж дуу хоолойгоо хүргэж байна.
Хамгийн гол нь эгэл жирийн иргэд бидний асуудал дандаа хойш тавигдаж эсвэл нуун дарагдуулдаг жишгээр энэ хэргийг Сонгуулийн асуудлаар, АСЕМ-н асуудлаар эсвэл Наадмын давалгаанд нам дарагдахгүй байхын төлөө ээжүүд тууштай хамт байна.
Эмнэлгийн зүгээс ядаж ар гэр шаналсан эхээс эхний ээлжинд албан ёсоор уучлалт гуйж эхийн сэтгэлийг бага ч атугай тайвшруулж болдоггүй юм байхдаа гэж хувийн зүгээс бодогдож байгаагаа нуух юун!" хэмээн бичжээ.