Хүн гэдэг сэтгэлийн амьтан. Хүний амьдралд гэнэтийн юу ч тохиолдож болно. Өвчин зовлон, баяр гуниг... Гэхдээ ямар ч үед тэсвэр тэвчээр, хатуужил, өөдрөг үзэл санаа хамгийн чухал.
Их Британи улсын эрдэмтэд 2014 онд хэвтрийн дэглэмийн хүнд өвчтэй өвчтөн болон тэдний ар гэрийнхний дунд нэгэн судалгаа хийжээ. Уг судалгаа нь “Эсийн үхжилт оюун санаатай холбогддог” гэдгийг батлах зорилготой байж. Судалгааны багийнхан буруу тооцоолсонгүй. Учир нь судалгаанд оролцсон хэвтрийн дэглэмтэй өвчтөний 90 хувь нь өвчнийхөө бодит явцаас түрүүлээд сэтгэл санаа, оюун бодлоороо өөрийгөө улам өвтгөж байжээ. Яагаад гэхээр хэвтрийн дэглэм сахидаг өвчтөнүүдийн ихэнхи нь бусдаас хараат болсондоо маш их хямардаг байна.
Судалгаанд оролцсон өвчтөн Эйш Харри хэлэхдээ “Хүнд болон хөнгөнөөр бие засах, хооллох гэх мэт өдөр тутмын хялбар үйлдлийг хийхэд хүртэл хэн нэгний тусламж хэрэгтэй. Хэрвээ миний хажууд хэн нэгэн байхгүй л бол би орондоо бие засна. Гэтэл гэрийнхэн маань намайг бие засуулна гээд ажилдаа явахгүй байх хэцүү шүү дээ. Бусдын гарыг харж, тэднээс хараат болж, хэн нэгэнд төвөг удан амьсгаатай байх ямар хэрэгтэй юм бэ” гэжээ. Эйш Харри 2013 оны наймдугаар сард автомашины осолд орж биеийнх нь суганаас доош хэсэг мэдээгүй болсон байна. Эмч нар түүнийг эмчилгээгээ тасралтгүй хийж, аажмаар булчингаа чангалан хоёр жилийн дотор хөл дээрээ босох боломжтой гэж үзсэн. Харамсалтай нь Харри сэтгэл санааны хямралаас гарч чадахгүй байсаар 2014 оны гуравдугаар сард нас баржээ.
Манай улсад хэвтрийн дэглэм сахидаг хүнд өвчтэй, сэтгэлийн шаналалтай гэр бүл олон бий. Хэвтрийн өвчтөнтэй гэр бүлд хэцүү зүйлс их тулгарна. Хамгийн гол нь ямар ч үед өвчтөний бие махбодын хэвийн үйл ажиллагааг хадгалах болон хожим гарч болзошгvй хvндрэлээс урьдчилан сэргийлэх хэрэгтэй. Аль болох богино хугацаанд эрvvл болоход нь туслан дэмжиж, эсвэл байгаа байдлаас нь дордуулахгvй байлгахыг хичээнэ. Ингэхдээ өвчтөнийг хөдөлгөөний дутагдалд оруулахгvй байлгаж, хувийн ариун цэврийг сахиулан, зөв хоололж, сэтгэл санааны хэвийн байдалд анхаарах нь зүйтэй.
Хэвтрийн дэглэм сахидаг өвчтөн өвчиндөө шаналахаас гадна бусдын хараат байдалд орж, гэр бүлийн гишүүддээ төвөг удаж байна гэдэгтээ ихээр шаналдаг байна. Тиймээс өвчтөнд “Чи бол бие даасан хүн хэвээрээ” гэдгийг ойлгуулан, сэтгэл санаагаар дэмжих хэрэгтэй. Ингэхдээ ямар ч арга хэрэглэж болно. Жишээ нь: Орчин үед бүх зүйл л ухаалаг болж хэвтрийн дэглэмтэй хүнд өвчтөнд зориулсан автомат ор ч бий болжээ. Өвчтөн удирдлагатай автомат орыг өөрийн хүссэнээр удирдан дээшээ доошоо өндийж, суух боломжтой. Энэ мэт жижиг үйлдэл нь өвчтөнд бусдаас хараат бус байдлыг бий болгон, сэтгэл санааг нь сэргээж дэм болдог. Хамгийн гол нь өвчтөний анхаарлыг өвчнөөс нь холдуулж өөр зүйл дээр төвлөрүүлэх нь маш үр дүнтэй. Гэр бүлийн гишүүд өвчтөнтэй харьцахдаа санаа зовсон, өрөвдсөн байдлаас харьцах хэрэггүй. Энгийн, эрүүл саруул хүнтэй харьцаж байгаа мэт чөлөөтэй байх нь өвчтөнийг сэтгэл зүйн дарамтаас хамгаалдаг байна. Хүн гэдэг сэтгэлийн амьтан юм хойно...