“Зүүн хойд Азийн орнуудаас хамгийн залуу, улсынх нь гуравны нэгийг хөдөлмөрийн насны хүн ам эзэлдэг, далайд гарцгүй Монгол Улс ойрын жилүүдэд хурдацтай хөгжих боломж байна” гэж НҮБ-ын Хүний хөгжлийн VI илтгэлд онцолж байна. Тиймдээ ч 15-34 насны залуусыг хөгжиж дэвшихэд бодит хөрөнгө оруулалт шаардлагатай, залуусын байгууллагуудыг үндэсний хэмжээний үйл ажиллагаанд татан оролцуулах замаар амьдралыг нь сайжруулах хэрэгцээ бий болсныг давхар дурдав. Уг илтгэлийг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр дэлхийн улсууд хамтран боловсруулж, үр дүнг нь өчигдөр хэлэлцүүлснээр хүний хөгжлийн өнөө болон ирээдүйн бодлого, сорилт, шийдлүүдийг тодорхойлсон юм.
Манай улс хүний хөгжлийн индексээ сайжруулахад үлэмж дэвшил гарган, 2015 онд анх удаа өндөр хөгжилтэй орнуудын жишигт хүрсэн ч залуус үр шимийг нь хүртэж чадалгүй, анхаарлын гадна байсаар байгааг НҮБ-ын Хүний хөгжил, мянганы хөгжлийн зорилтуудын хөтөлбөрийн багийн ахлагч Ж.Должинсүрэн хэлэв. Тухайлбал, манай залуус ажилгүйдэлд өртөх өндөр магадлалтай, үндэсний хэмжээнд ажилгүй хүмүүсийн түвшин 7.9 хувь байхад 20-24 насныхны дунд 17.4 байгаа нь эмзэглэм үзүүлэлт юм. Мөн засаг, төрдөө итгэл муутай, сонгуульд бараг оролцдоггүй нь судалгаагаар нотлогджээ.
Тиймээс залуусын хэрэгцээ, хүсэл эрмэлзэлд анхаарал хандуулах, тэдэнд зориулсан эрүүл мэндийн үйлчилгээг өргөжүүлэх, сургалтын тогтолцоог ажил олгогчийн шаардлагатай уялдуулах, нийгмийн амьдралд идэвхтэй оролцдог болгохыг Монгол дахь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Биата Транкман зөвлөлөө. ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ энэхүү Хүний хөгжлийн VI илтгэлийг залуусын хөгжил дэвшилд голлох үүрэг гүйцэтгэх, нотолгоонд суурилсан оновчтой, бодлого, шийдвэр гаргахад чухал баримт болохыг цохон тэмдэглэв.