Хүн бүхэн өөр өөрийн гэсэн биеийн онцлог, шинж тэмдэгтэй байдаг. Үүндээ тохируулж зөвхөн өөртөө зохих хэмжээний калорийг өдөрт авч, эргүүлээд шатааж байх ёстой болдог юм. Тухайлбал нас, хүйс, өндөр, жин, амьдралын хэв маяг, ажил мэргэжил, хэр зэрэг хөдөлгөөнтэй байдаг эсэхийг хамааран өөр хоорондоо өдөрт авах ёстой хэмжээгээрээ ялгаатай байдаг билээ. Үүнээс гадна улс үндэстнүүд ч өдөрт заавал авах илчлэгийн хэмжээгээрээ ялгаатай гэнэ. Тухайлбал Их Британид насанд хүрсэн эрэгтэй хүн өдөрт дунджаар 2500 калорийг жингээ хэвийн барихад зарцуулдаг бол эмэгтэйчүүд нь 2000 калори байдаг ажээ. Харин АНУ-д эрэгтэй хүн 2700, эмэгтэй хүн дунджаар 2200 калорийг өдөрт зарцуулах шаардлагатай байдаг гэсэн судалгааг эрдэмтэд тогтоогоод байна. Яагаад АНУ-н иргэд илүү их калори зарцуулдаг учир нь тэд Их Британичуудаас бие бялдрын хувьд илүү хөгжилтэй байдагтай холбоотой гэнэ. Манай улсын хувьд хоол хүнснээс өдөрт авбал зохих калорийн хэмжээ нь 2000 ба түүнээс доош байдаг тул барууныхныг баруун солгойгүй дуурайж болохгүй гэдгийг сануулж байгаа юм.
Манайхны хувьд ямар нэгэн амттан, хүнсний бүтээгдэхүүн худалдан авахдаа хичнээн их хэмжээний калори орсон гэх мэтийг нь шагайж хардаг улс цөөхөн болов уу. Үүнийг үргэлж анхаарч, зөв хооллох үүднээс хэрэглэх гэж буй бүтээгдэхүүнийхээ калорийн хэмжээг тооцоолж байх нь чухал юм. Худалдан авалт хийхдээ хүнсний дэлгүүрт калорийн хэмжээг төвөггүй хараад л ойлгодог болоход ямар тэмдэглэгээ юуг илэрхийлж байгааг мэдэх нь нэн чухал.
“Калори, Ккал, Kj” зэрэг нь хоорондоо ямар ялгаатай вэ?
Бүх төрлийн хүнсний бүтээгдэхүүний сав, баглаа, боодол дээр тухайн бүтээгдэхүүний 100 гр-д ноогдох тэжээллэг чанарыг бичсан байдаг. Үүнд:
- Монгол илчлэгийг-Ккал
- Баруунд-Energy value, Energy, Calories, мөн Kj, Kcal эдгээр тэмдэглэгээг хийсэн байдаг.
- Орос-Энергетическая ценность мөн ийн ккал тэдэглэдэг.
1000 калори=1 килкалори гэж үздэг ч хоол хүнсний илчлэгийн тухайд калори болон ккал нь ижил утгыг гаргадаг аж.
Тэгвэл та өдөрт хэдэн килкалори хоол хүнс хэрэглэвэл зохих вэ?
Биеийнхээ одоо байгаа жинг хадгалахын тулд өдөрт зарцуулах илчлэгийн хэмжээг тооцоолоорой. Өгөгдсөн тоон дээр өөрийн биеийн жин, өндөр, нас зэргийг үржүүлэн бодоод өдөрт хэдий хэмжээний ккалтай хүнс хэрэглэвэл зохихыг мэдэж аваарай.
Насанд хүрсэн
- Эрэгтэй хүн: 66.5 + (13.75 x биеийн жин/кг) + (5.003 x өндөр/см) - (6.755 x нас) = ккал
- Эмэгтэй хүн: 55.1 + (9.563 x биеийн жин/кг) + (1.850 x өндөр/см) - (4.676 x нас) = ккал
Үүний дараагаар зарим хүнсний бүтээгдэхүүн ямар хэмжээний калори агуулдаг, түүнийг хэр урт хугацаанд, яаж шатаах тухай мэдэж аваарай. Зурган дээр дарахад тайлбар гарч ирнэ.