Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвийнхөн Молекул биологийн лаборатори нээн, өнгөрсөн баасан гаригт ашиглалтад оруулав. Тус лаборатори нийслэлийн бусад дүүргийн эмнэлгээс анх удаа элэгний В, С вирус тоолох шинэ технологи нэвтрүүлсэн байна. Ингэснээр алслагдсан дүүрэг, сумын иргэд хот орж шинжилгээ өгөх шаардлагагүй болжээ. Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Ц.Энхбаяр “Манай төв 300 гаруй ажилтантай, хэвтүүлэн эмчлэх 226 ор, 15 тасаг нэгжтэйгээр дүүргийнхээ 30.000, зэргэлдээх Төв, Хэнтий аймгийн найман сумын 20.000 гаруй хүнд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлж байна. Томуу болон улаан бурхан дэгдэх үед өндөржүүлсэн бэлэн байдалд ажилласны үр дүнд нэг ч хүүхэд эндээгүй. Дүүргийн хэмжээнд элэгний хүнд өвчтэй 300 гаруй иргэн байдаг” гэж ярив. Гэсэн ч эмнэлгийн барилгад сүүлийн 28 жил их засвар хийгээгүй тул эмчилгээ, үйлчилгээ нь доголдох эрсдэл өндөр байгаа аж. Тиймээс энэ онд багтаан дулаан (80 сая төгрөг) болон цахилгааны шугам шүлжээг (180 сая төгрөг) засах, мөн эмч, эмнэлгийн ажилчдын илүү цагийн хөлс, эмийн төсөв хэтэрсэн зэрэг асуудлыг шийдэж өгөхийг Эрүүл мэнд, спортын сайд С.Ламбаагаас хүсэв.