Өвөрхангай аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төв (БОЭТ)-ийн Эх барих, эмэгтэйчүүдийн тасгийн эмч, эх баригч, сувилагч нар дөнгөж төрсөн нярай хүүхдийг чулуун шалан дээр алдаж унаган гэмтээжээ. Үүний улмаас уг нярай тархиндаа гэмтэл авсан тул БОЭТ-д олон хоног хэвтэн эмчлүүлээд гарч, одоо Хужирт сумын эмнэлгийн хяналтад байгаа аж. Ажилдаа хайнга хандан, хүний эрүүл мэндэд хохирол учруулсан эмч, сувилагч нартаа хариуцлага тооцохыг хүүхдийн эцэг, эх удаа дараа шаардсан гэнэ. Энэ талаар БОЭТ-ийн захирал Ц.Анхтуяагаас тодрууллаа.
-Танай БОЭТ-ийн эх баригч, сувилагч нар хүүхэд эх барьж авахдаа шалан дээр унагажээ. Хүүхдийн бие ямар байгаа вэ. Тархи нь хэр гэмтсэн юм бол?
-Урд тархины хатуу хальсан дунд цус хуралттай байсан. Хурсан цус нь эмчилгээний үр дүнд шимэгдсэн байна лээ. Хүүхдийг гэмтсэн даруйд компьютерт томографаар шинжилгээ хийсэн, эмчилгээ дууссаны дараа дахин шинжилсэн. 15 хоног эмчилгээ хийлгээд хүүхдийн бие сайжран хоёр хоногийн өмнө гарсан. Эцэг, эхэд нь бид онош, эмчилгээний талаар маш сайн хэлсэн. Одоо сумынхаа эмчийн хяналтад байгаа.
-Төрөх өрөө цементэн шалтай байсан гэх юм.
-Плита (гантиг чулуун) наасан шалтай л даа.
-Хариуцлага алдсан эх баригч, сувилагч нарт ямар арга хэмжээ авсан бэ?
-Тасгийн эрхлэгч, ахлагч нарт сануулах арга хэмжээ авч, ажил сайжруулах нэг сарын хугацаатай үүрэг өгсөн. Эх баригч эмч, сувилагч хоёрыг цалингийн хувиар нь торгосон.
-Хоёр сарын цалингийнх нь 20 хувиар торгосон гэсэн. Тийм үү?
-Тэгсэн.
-Энэ бол анх удаа гаргаж буй алдаа биш юм билээ. Анх удаа амаржиж байгаа эмэгтэйн хүүхдийг памперсанд нь төрүүлсэн, хөдөөний эмэгтэйн хүүхдийг хувинд тосож авсан гэсэн яриа байна. Энэ үнэн үү?
-Хувинд биш л дээ. Төрөх орон дээр гаргаж амжаагүй байхад хүүхэд нь уначихсан юм.