Бид их хачин зантай. Амиа хорлосон хэн нэгнийг буруутгаж, зүхдэг атлаа амь нас, эрүүл мэндэд хортой бүхнээр өөрийгөө хүрээлүүлж, шунаж байдаг. Угтаа бол энэ нь өвчин, үхлийг худалдаж авч буйгаас ялгарах зүйлгүй мэт. Та бидний үнэнч анд гар утас, автомашин, цаг, нөүтбүүк, бяцхан хүүхдийн тань наадах дуртай, хамгийн хайртай тоглоомонд ч үхэлд хүргэх аюул нуугдаж буй гээд бод доо. Учир нь тэдгээрийг зай хэмээгч хор тэжээн тэтгэж буй. Энэ талаар төдийлөн сайн мэддэггүйгээс зарим хүн цэнэг нь дууссан зайг “амь оруулах” гэж хазаж, шороонд булдаг. Би ч гэсэн тэдгээр хохирогчийн нэг. Зайг хазахад ам гашуу оргиж, хэл дарвиганадаг. Ингэснээр түүний доторх хорт бодисуудыг өдөөн, химийн урвалд оруулдаг гэнэ. Мэдээж энэ үед бидний бие махбодь түүний “үр шим”-ийг хүртэж, өвчлөх шалтгаан болдог аж. Гэтэл зай нь хазахад байтугай хашааны мухар, хогийн саванд хэвтэж байхдаа ч хүнд их хэмжээний хор хөнөөл учруулдаг эд юм байна.
Калифорнийн их сургуулийн эрдэмтэд нэг ширхэг хуруу зай дөрвөн ам метр хөрс, 8000 литр ус бохирдуулдгийг тогтоожээ. Засгийн газраас өнгөрсөн оны зургадугаар сарын 29-нд 264 дүгээр тогтоол баталж, Аюултай хог хаягдлын жагсаалтад бүх төрлийн зайг багтаасан байдаг. Албаны хүний хэлж буйгаар дээрх жагсаалтад орсон бүхий л хог хаягдлыг ангилан ялгах, хаях, тээвэрлэх, дахин боловсруулах, устгах үйл явцыг төр, засгаас бодлогоор зохицуулж, онцгой анхаарал тавих ёстой гэнэ. Харамсалтай нь манай улсад зайны хор уршиг, хэрхэн зүй зохистой хэрэглэх талаар мэдээлэл хомс байна. БОНХАЖЯ, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн зэрэг байгууллагын мэргэжилтнээс энэ талаар мэдээлэл авахаар очиход “Зайны талаар дорвитой судалгаа хийгээгүй, мэдээлэл өгөх боломжгүй” гэх юм. Зарим нь бүр “Ажлаа хүлээж аваад удаагүй байгаа болохоор сайн мэдэхгүй байна” гэсэн. Бодит байдал ийм л байна.
Аюултай хог хаягдлын жагсаалтад ямар нэг хорт зүйлийг бүртгүүлснээр хор хөнөөл нь өөрөө үгүй болж, иргэдийн эрүүл мэндэд аюул учруулах нь зогсчихдоггүй байлтай. “Зориг” сан, “Ньюком” групп, “Хас” банк, “Оюутолгой” компани хамтран таван жилийн өмнө “Байгаль орчны манлайлагч” хөтөлбөрийн хүрээнд “Battery 3G” төсөл хэрэгжүүлж, ерөнхий боловсролын болоод их, дээд сургуульд суралцагчдад зай яаж зөв хэрэглэх талаар сургалт явуулж, уралдаан зохион байгуулж байжээ. Тэд сургалт явуулсан газар бүртээ зай хийх тусгай хогийн сав тавин, цуглуулсан зайгаа Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны харьяа Орчны бохирдол, хог хаягдлын менежмэнтийн хэлтэстэй хамтран тусгай технологийн дагуу устгасан гэх. Үүнийг эс тооцвол манай улсад зайгаа хэрхэх талаар дорвитой судалж, хийсэн ажил үгүй л байна. Хэдэн зайг, хэрхэн устгасан, төслийн үр дүн ямар гарсан тухай уг төслийн багийн гишүүн болон Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны аюултай хог хаягдал хариуцсан мэргэжилтэн С.Аригуунаас тодруулахад “Сайн мэдэхгүй байна” гэв.
Харин бусад орон энэ асуудалд маш хариуцлагатай ханддаг юм байна. Байгаль орчин, иргэдийн эрүүл мэндэд халгүй, цэнэгээ удаан хадгалдаг, хүнд металл агуулаагүй зай үйлдвэрлэхээр олон байгууллага ажиллаж байна. Тухайлбал, АНУ-д Зайны сургууль, Зайны зөвлөл нэртэй байгууллага идэвхтэй үйл ажиллагаа явуулж, иргэдэд мэдээ мэдээлэл түгээсээр буй аж.
Зайны талаар илүү ихийг мэдэхийг хүсвэл Battery university гэсэн цахим хуудсанд зочлоход хангалттай. Тус байгууллагын мэдээлснээр зайнууд нь байгаль орчин, хүний эрүүл мэндэд хамгийн хор хөнөөлтэй гэгддэг мөнгөн ус, кадми, хар тугалга зэрэг хүнд металл агуулдаг бөгөөд найрлагад нь хэр хэмжээтэй орсноос шалтгаалан хордуулах тун нь харилцан адилгүй гэнэ. Тухайлбал, хар тугалга их хэмжээгээр агуулсан зай хүүхдийн биеийн өсөлт, мэдрэлийн үйл ажиллагаанд нөлөөлж, сонсгол муудахад хүргэх аюултай аж. Судлаачид алдарт хөгжмийн зохиолч Людвиг ван Бетховеныг хар тугалгад хордсоны улмаас нас барсан байж болзошгүй гэж үздэг байна. Зайнуудаас хамгийн хортой нь лити (хамгийн хортой, идэмхий бодис болох мөнгөн ус их хэмжээгээр агуулдаг зай) гэнэ. Литийг өдгөө камер, гар утас, зөөврийн компьютер, эмнэлгийн тоног төхөөрөмж, цахилгаан хэрэгсэлд түлхүү ашигладаг юм байна. Энэ нь урсамтгай, ууршимтгай, шингэмтгий бодис болох мөнгөн ус агуулдаг учраас хүнтэй ойр байлгаж, хяналтгүй ил задгай хаяхад дэндүү аюултай аж. Тухайлбал, зайг байгальд ил хаяхад мөнгөн ус агаарт уусан задарч, бид түүгээр нь амьсгалдаг. Ингэснээр төв мэдрэлийн болон амьсгалын тогтолцоо, бөөр, нүд, арьс салстыг гэмтээн, удмын санд нөлөөлөх зэргээр удаанаар хордуулдаг аж. Тийм учраас улс орон бүр лити зайг судалж, түүнийг устгах, дахин боловсруулахад онцгой анхаарч байна.
Канад улс л гэхэд 1992 онд баталсан Аюултай ачаа тээвэрлэх тухай хуулийн нэгдүгээр заалтад лити зай тээвэрлэх, импортлох тухай тусгасан байдаг аж. Тухайлбал, импортоор оруулж ирж буй барааны дотор лити зай агуулсан тоног төхөөрөмж байвал тээвэрлэгч компаниас нь тодорхой хэмжээний мөнгөн шимтгэл авдаг байсан бөгөөд өнгөрсөн оны нэгдүгээр сараас Олон улсын агаарын тээврийн нийгэмлэгээс (IATA) гаргасан журмын дагуу түүнийг тусгай ачаа гэж үзэн, хатуу хяналт тавих болжээ.
ХБНГУ-д тэртээ 1998 оноос иргэд нь зөвхөн эх орондоо үйлдвэрлэсэн зай худалдан авч, хэрэглэж дууссанаа дэлгүүрүүдэд буцаан өгдөг заншил тогтсон бөгөөд дахин ашиглаж болохуйц материалаар хийснийг нь үйлдвэрт илгээж, боломжгүйг нь тусгай технологийн дагуу устгадаг аж. Гэтэл манай улсад хаана, хэзээ үйлдвэрлэсэн, ямар бүтэцтэй нь тодорхойгүй зайнууд худалдаж, түүнийг нь хүмүүс хүссэн газраа чулуудчихдаг. Ингэснээр бид хэчнээн талбай хөрс, хэдэн хүний эрүүл мэндийг хохироож буй бол. Өнгөрсөн оны сүүлчээр Их Британид ой зургаан сартай Эллие Гатрелл охин товчин зай залгисны улмаас их хэмжээгээр түлэгдсэн тухай мэдээ цахим ертөнцөд тархаж, шуугиан дэгдээсэн. Тус улсад өнгөрсөн жил товчин зайг чихэртэй эндүүрэн залгисан хоёр хүүхэд амиа алдаж, таван хүүхэд согогтой болсны нэг нь Эллие охин байж. Энэ мэтчилэн зайны хор уршгаас үүдэлтэй аймшигт явдал гарсаар байна.
Өдгөө дэлхийн 80 гаруй орны хүүхдүүд энэ зовлонг амсаж, 15 хүүхэд нас барсны 11 нь сүүлийн зургаан жилд хорвоог орхижээ. Зай үйлдвэрлэл, хэрэглээгээрээ дээгүүрт ордог АНУ-д ийм тохиолдол хамгийн их гардаг гэнэ. Тухайлбал, жил бүр 2800 гаруй хүүхэд товчин зай залгиж, яаралтай түргэн тусламжийн үйлчилгээ авдаг бөгөөд ноцтой гэмтсэн, нас барсан хүүхдийн тоо сүүлийн 10 жилд ес дахин нэмэгдсэн гэж www.safekids.org мэдээлжээ. Энэ нь гурван цаг тутамд нэг хүүхэд товчин зайнаас болоод эрүүл мэнд, амь насаараа хохирч буй гэсэн аймшигтай тооцоо бий болгож буй юм. Мөн АНУ-ын нэг иргэн жилд гэр ахуйн зай найм, товчин зай хоёр ширхэг хэрэглэдэг гэсэн судалгаа гарчээ.
Тиймээс эцэг, эхчүүдэд зайны талаар мэдээлэл өгөх, эрсдэлээс урьдчилан сэргийлэх үүднээс зай залгисан тохиолдолд ханддаг, яаралтай түргэн тусламжийн утас ажиллуулдаг болсон гэнэ. Дээр өгүүлсэн тоо баримт, мэдээлэл танд хол санагдаж болох ч бид ч гэсэн бага насны хүүхэдтэй, товчин зайгаар ажилладаг зүйлийг өдөр тумын амьдралдаа ашигладаг учир “гэтэж” буй аюулаас болгоомжлох хэрэгтэй. Төр, засаг, мэргэжлийн байгууллагууд нь энэ асуудалд дорвитой анхаарч, бодлогоор зохицуулдаггүй юм гэхэд иргэд хэрэглэсэн зайгаа ил задгай хаядаггүй болж хэвших шаардлага бидний өмнө тулгарчихаад байна.