Олон улсын сувилагчдын өдөр энэ сарын 12-нд болж өнгөрсөн бөгөөд манай улсын хувьд 1995 оноос хойш энэ өдрийг тэмдэглэж иржээ. Жил бүрийн энэ өдөрт “Эрүүл мэндийн тусламж, сувилахуйн боловсролын загварчлал” сэдвээр олон улсын бага хурал, Шилдэг сувилахуйн алба, шилдэг сувилагч шалгаруулах “Алтан дэнлүү” арга хэмжээг зохион байгуулдаг. Энэ жилийн “Алтан Дэнлүү-2016” тэргүүн дээд шагнал олгох ёслолын ажиллагааны үеэр МУСТА, эмч, дуучин Б.Хангал “Сувилагч бүсгүй” хэмээх өөрийн бие даасан гурав дахь тайлан тоглолтоо үзэгчдийн хүртээл болгожээ.
Мөн энэ үеэр Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс Сувилагчдын улсын аварга шалгаруулах уралдааныг зохион байгуулж, шилдгүүдийг шагнасан аж. Тэднийг шагнахын өмнө 35 жилийн турш тасралтгүй ажиллаж, тэтгэвэртээ гараад байгаа эх баригч эмч Л.Чулуунбадам гуайг Монголын Ард түмний гавьяат цолоор шагналаа. Монголын Эрүүл мэндийн салбарт тасралтгүй зүтгэж, 35 жил эх барьсан гавьяаг нь ард түмэн ийнхүү үнэлжээ. Цөөн хэдэн дуу гаргаад л МУСТА болдог дуучид байдаг бол 35 жил хүний амь аврахын төлөө ажиллаж, Монгол Улсын 2 сая дахь иргэнийг эх барьж авсан эмч Хөдөлмөрийн хүндэт медаль дээр буулаа.