Монгол Улсад жил бүр 2000 орчим элэгний хорт хавдрын шинэ тохиолдол бүртгэгдэж байгаагийн 200 орчимд элэг солих шаардлага тулгардаг ажээ. Элэг шилжүүлэн суулгах мэс заслыг улсын Нэгдүгээр эмнэлэгт өнгөрсөн оноос хийж эхэлсэн боловч хорт хавдартай өвчтөнд хагалгаа хийдэггүй юм байна. Тэгвэл хорт хавдартай иргэдэд элэг шилжүүлэн суулгах хагалгааг 2016 онд багтаан хийдэг болохоор төлөвлөж байгаа бөгөөд энэ хагалгааг манай улсад хийдэг болоход 2 тэрбум төгрөг шаардлагтай байгаа гэнэ. Үүнээс 400 сая төгрөгийг БСШУ-ны яамнаас гаргасан бөгөөд 600 сая төгрөгийг 2017 оны улсын нэгдсэн төсөвт тусгахаар болжээ. Харин үлдсэн нэг тэрбум төгрөгийг сэтгүүлч Л.Мөнхбаясгалангийн санаачилгаар байгуулсан “Элэг нэгт монголчууд” сангийнхан сайн санаат хүмүүсийн хандиваар босгох зорилго тавьжээ. Энэ сангаас зохион байгуулж буй сайн үйлсийн аянд “Туушин” ХХК-ын хамт олон өчигдөр нэгдлээ.
Тодруулбал, элэгний аюулт өвчинд өртсөн олон мянган хүмүүст туслах, бусад аж ахуйн нэгж, компаниудад уриалах зорилгоор “Туушин” ХХК-ын ажилчид нэг өдрийнхөө цалинг тус сангийнханд хандивласан юм. Энэ үеэр “Элэг нэгт монголчууд” сангийн удирдах зөвлөлийн гишүүн Л.Мөнхбаясгалан “Элэгний өвчлөлөөр Монгол Улс дэлхийд дээгүүрт бичигдэж, айл өрх бүрт энэ төрлийн өвчнөөр өвчилсөн хүн байгаа гэхэд хилсдэхгүй. Тийм учраас манай сангийнхан олон хүмүүстэй уулзан тусламж хүсэж, элэгний өвчтэй хүмүүст туслах зорилгоор ажиллаж байна. Бидний үйл ажиллагааг дэмжин Монголд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг нутагшуулахад тусалж буйд “Туушин” ХХК-ын ажилчдад талархлаа. Элгийг инээдэг эрхтэн гэж ярьдаг. Та бүхний сайн үйлсийн буянаар олон элэг эрүүл болж инээнэ гэдэгт бид итгэлтэй байна. Бидний хандивын сангийн бүх мэдээлэл шилэн дансанд байрлаж байгаа учраас олон нийтэд ил тод байгаа” гэлээ.
“Туушин” ХХК-ын хамт олон өмнө нь Үндэсний цэцэрлэгт хүрээлэн байгуулахад зориулж 30 гаруй сая төгрөг хандивлаж, Амарын гудамжны гэрэлтүүлэгийн ажлын хөрөнгийг компаниасаа гаргасан гээд нийгэмд тустай олон сайн үйлсийг дэмжин оролцож байжээ. Эднийх 350 ажилчидтай бөгөөд 10 гаруй сая төгрөгийг хандивласан юм. Энэхүү олон нийтээс цуглуулах хандивын нэг тэрбум төгрөгөөр элэг шилжүүлэн суулгахад шаардлагатай өндөр өртөг бүхий багаж төхөөрөмжүүдийг авахаас гадна шинэ технологи дээр ажиллах эмч сувилагчдаа бэлтгэх сургалтанд зарцуулах юм билээ.