Хүүхэд хүнд өвдсөн, түлэгдсэн, нохойд уруулсан, зодуулсан, хаягдсан, бэртсэн, эндсэн явдал өдөр бүр гардаг гэхэд хилсдэхгүй. Фэйсбүүкээ нээх болгонд хүүхэдтэй холбоотой, сэтгэл эмзэглэм мэдээлэл дүүрэн. Уржигдар гэхэд “Дүү маань гэртээ тоглож байгаад тогоотой халуун тос руу унаад нүүр, гар, цээжээ түлчихлээ. ГССҮТ-ийн Түлэнхийн тасагт эмчлүүлж байна. Нэг өдрийн эмчилгээ нь 150.000-200.000 төгрөг. Сайхан сэтгэлт та бүхэн туслаач” гэсэн зар харагдсан. Сүүлийн үед бага насны хүүхэд нохойд хазуулж, уруулах явдал эрс ихэслээ. Өнгөрсөн долоо хоногт 42 хүүхэд нохойд хазуулж, эмнэлэгт хүргэгдсэн байх юм. Тэдний дотор нохойд хазуулснаас тархи нь цуурсан хоёр настай охин маш хүнд байгаа аж. Тэр ч бүү хэл, өнгөрсөн гуравдугаар сард дөрвөн настай хүүг нохой барьж, аминд нь хүрсэн. Энэ мэт харамсалтай явдлыг тоочоод барахгүй. Ийм байдалд хүргэхгүйн тулд эцэг эх, багш, ойр тойрны хүмүүсийнх нь анхаарал, болгоомж асар их шаардлагатайгаас гадна хүүхдийг аюулгүй орчинд байлгахад төр засгаас шат дараатай арга хэмжээ авах хэрэгтэй. Эхийн хэвлийгээс эрүүл саруул, эсэн мэнд төрсөн ирээдүй хойчоо энэ мэт золгүй явдлаар алдаад байвал яах билээ.
Өвчин хэлж ирдэггүй учраас бусдаас тусламж гуйхыг үгүйсгэх аргагүй ч хэн, хэзээ, хэдэн төгрөг өгсөн, тэр тусламжаар хүүхэд эдгэрсэн, эсэхийг ил тод байлгах нь халуун сэтгэлтнүүдийг алдаршуулахаас гадна хандивыг улам хөгжөөх болов уу. Гэтэл үнэн, худал нь мэдэгдэхгүй (хүүхдээрээ бизнес хийгээгүй гэж итгэе) хандив, тусламж гуйсан хүмүүс олширч байна. Улаан галаас дүүгээ аварсан Г.Цэрэнтогтох хүү шиг бусдын дэмээр эмчилгээнд орж, эрүүл саруул болоод ирснээ олон түмэнд мэдээлдэг жишиг тогтоосой.