Ярьснаараа бол өдийд Улаанбаатарт хүүхдийн гэсэн тодотголтой хэд хэдэн эмнэлэг барьчих байлаа, манай төр, засаг. Гэвч өнгөрсөн жил Баянгол дүүрэгт 140 ортой Хүүхдийн эмнэлэг ашиглалтад оруулснаас өөр эрүүл мэндийн салбарт нүдэнд торж, гарт тэмтрэгдэх зүйл юу хийсэн юм. Нийслэлийн хэмжээнд 32 жилийн дараа хийж буй томоохон бүтээн байгуулалт гээд байгаа тэрхүү эмнэлэг нь үнэндээ Баянгол дүүргийн хуучин Эрүүл мэндийн VII төвийн актлагдсан барилгад өрхөө татаж, үүдээ нээсэн болохоос цоо шинээр ашиглалтад орсон объект биш шүү дээ. “Олон жил болсон энэ барилгад хүн байж болохгүй” гээд акталсан байсныг дуудлага худалдаагаар зарах гэснээ болиод шинэчлэн засварлаж, хүүхдийн эмнэлэг байгуулсанд нь баярлах уу, гомдох уу гэдгээ бодоод олохгүй байгаа юм.
Бас нийслэлийн удирдлагуудаас “Чингэлтэй, Хан-Уул дүүрэгт тус бүр 100 ортой хүүхдийн эмнэлэг байгуулахаар 2015 оны төсөвтөө суулгасан гэсэн чинь хаана байна” гэж асуумаар байна.
ХҮҮХДИЙН ЭМНЭЛЭГ БАРИХ ЮУ БОЛСОН БЭ
2014 оны өвөл бага насны хүүхдүүдийн ханиад томуугийн өвчлөл улам гаарч, дүүргүүдийн эмнэлгийн хүйтэн хонгил, хулдаасан шалан дээр хөхүүл эхчүүд нялхастайгаа зулж байхад Н.Алтанхуягийн Засгийн газар юу юугүй эмнэлэг байгуулчих юм болсон. “Соёл, спорт, аялал жуулчлалын яамны байрыг 150 ортой Хүүхдийн эмнэлэг болгоно” гэж хэсэг хошгируулж байгаад удалгүй “Төрийн тусгай албан хаагчдын шинэ эмнэлгийн барилгыг хүүхдүүдэд зориулах нь оновчтой юм байна” хэмээн өөр нэг “цаасан малгай” бидэнд өмсгөсөн. Гэвч хоёр сайд нь (Н.Удвал, Ж.Амарсайхан) хоорондоо толхилцож хэрэлдсээр байгаад олигтой ажил хийж чадаагүй. Тэгээд шинэчлэгчдийн өнөөх мэргэн санааг Ч.Сайханбилэгийн “шийдлийн” хэмээх тодотголтой Засгийн газар өвлөн авч, түр зуур манийгаа хөөргөж байгаад ханиад томуугийн сезон дуусаж, урин дулаан цаг ирэнгүүт мартагнуулсан. Эдийн засгаас өөр үг амнаасаа унагах тун дургүй Ерөнхий сайдад энэ улс орны хамгийн үрэлгэн, зардал ихтэй хэрнээ үр ашгаа өгдөггүй салбар хэмээн гадуурхагддаг эрүүл мэндийн салбарыг өөд нь татах бодол бий, эсэхэд эргэлздэг л дээ. Улс орныг хамарсан эдийн засгийн хямралаас болоод хүүхдийн эмнэлэг байгуулж чадаагүй биз гэж өрөвдөж болох ч үндэсний аюулгүй байдлыг сахин хамгаалахад хамгийн чухал үүрэгтэй энэ том салбарыг эзэнгүй олон сар байлгаж буйг тань зөвтгөх ганц ч шалтгаан олж харахгүй байна. “Яармагийн дэнжид барьж эхэлснээс хойш таван жилийн турш “царцсан” 300 ортой Амаржих газрын төсөв хөрөнгийн асуудлыг энэ жилдээ багтаан шийдэж, ойрын хугацаанд ашиглалтад оруулах боломжтой болсон” гээд сайрхаад байсан Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба нь өөрөө түрүүлээд “сор залуулчихсан”. Харин өнөө хэлээд байсныг нь үргэлжлүүлж фантаазлах дараагийн сайд ч томилогдсонгүй. Бид Яармагийн дэнж дэх 300 ортой Амаржих газрын нээлтийг үзэх хувьгүй хүмүүс юм.
Манай эрүүл мэндийн салбарт маш олон зүйл болж бүтэхгүй байгаагийн жишээг байшин савнаас нь эхэлж яриад байгаа нь учиртай. “Эрүүл мэндийн салбарыг уг үндсээр нь шинэчлэх хэрэгтэй”, “Ард иргэдийнхээ эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх ёстой” гэх мэт тэнгэрийн санаа газарт бууж, хөрсөн дээр ургахыг хүлээхгүй, хүүхдүүд өвдөж, хажуугаар нь эмэнд хордож, хөгшид цус харван, хорт хавдар монголчуудыг нэг нэгээр нь “агнасаар” байна. Төрөх эмнэлэг хүрэлцээгүйн улмаас XXI зууны ардчилсан Монгол Улсын нийслэлд жил бүр 100 гаруй эмэгтэй гэртээ амаржиж байна. Хавдар судлалын үндэсний төвийн өргөтгөлийг барих хөрөнгө мөнгийг шийдэх талаар сүүлийн гурван жилийн турш төсөв хэлэлцэх тоолонд санал оруулдаг ч манай төр, засаг шийдэж өгөөгүйн улмаас гадаадаас тусламжаар авсан үнэтэй төхөөрөмжөө ашиглаж чадахгүй “зэврүүлж” буй. Харин өнгөрсөн жил жирийн нэг сэтгүүлч хөөцөлдөж байгаад мөнгийг нь төсөвт суулгуулж дөнгөсөн. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд эмнэлэг нэмж барих нь байтугай, зориулалтын дагуу баригдаад дуусаж байсан Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийг Хууль зүйн яамны дарга даамлууд, мөрдөн байцаах албаныхныг оруулахаар санаархан, хэдэн тэрбумын үнэтэй аппаратыг нь эвдчихээд ялгүй мултарсан сайд ч манайд байна. Яагаад эрүүл мэндийн салбарыг ингэж элдэвлээд байдаг юм бэ.
Сая улаан бурхан өвчнөөр баахан хүүхэд, залуус өвчилж, 0-5 насны 60 шахам нялхас амиа алдахад ХӨСҮТ-ийнхнийг дэмий баахан буруутгаад байсан. Гэтэл халдварт өвчний оношилгоо, эмчилгээг улсын хэмжээнд үзүүлдэг ганц төв чинь ачааллаа үнэхээр дийлэхгүй байна шүү дээ. Халдвартынхан сэтгэлгүйдээ, эсвэл чадваргүйдээ улаан бурханаар өвчилсөн багачуудыг сүрьеэтэй, гахайн хавдартай, гэдэсний цусан суулгаар халдварласан хүүхдүүдтэй нэг байшинд “хориогүй”. Харин манай төр, засаг арчаагүйдээ, бид муудаа л ДОХ, тэмбүү зэрэг бэлгийн замын халдварт өвчинтэй, сүрьеэтэй том хүмүүстэй нэг дор бяцхан үрсээ эмчилж байгаа юм. Эрүүл мэндийн салбар эх захаа алдаж, хяналтгүй, толгойгүй байгааг илчилсэн энэ явдлын нөгөө талд бүхэл бүтэн улсад хүүхдийн халдвартын бие даасан эмнэлэг ч байхгүй нь эмгэнэл гэдгийг мөн давхар харуулсан билээ. Ийм байхад “Нас барсан хүүхдүүдийн олонх нь амьсгалын замын өвчин хавсарсан байсан” гэж арьсаа хамгаалах эрх төрийн түшээдэд баймааргүй л юм.
ДОХ, БЭЛГИЙН ЗАМЫН ХАЛДВАРТ ӨВЧИН ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ХЭМЖЭЭНД ХҮРЭВ
2014 онд бэлгийн замын халдварт өвчний 15300 тохиолдол шинээр бүртгэгдсэн нь нийт халдварт өвчний 45.6 хувийг эзэлж байсан бөгөөд өмнөх жилээс даруй 400-гаар нэмэгдсэн үзүүлэлт аж. Тэгвэл өнгөрсөн жил бэлгийн замын халдварт өвчний 17800 орчим тохиолдол шинээр бүртгэгдсэн байх юм. Тэр дундаа жирэмсэн эмэгтэйчүүдээс заг хүйтэн, тэмбүү, трихомониазын шинжилгээ авахад бэлгийн замын халдварт өвчний тохиолдол жил бүр 1.6-2.2 дахин нэмэгдсээр байгааг ХӨСҮТ-ийн Хэвлэл, мэдээллийн албаны дарга Ч.Уртнасан хэлсэн. Хамгийн аймшигтай нь үүнээс болоод төрөлхийн тэмбүүтэй хүүхэд төрөх нь ихсэж байгаа гэнэ. Өөрөөр хэлбэл, бэлгийн замын халдварт өвчний эрчимтэй тархалт цөөхөн монголчуудын хувьд үндэсний аюулгүй байдлын хэмжээнд хэдийнэ хүрсний баталгаа энэ.
ХДХВ/ДОХ гэхээр урьд нь монголчууд сэртэсхийдэг байсан бол одоо бүр дөжирчихсөн. “ДОХ-ын 100 дахь тохиолдол бүртгэгдлээ” гэхэд яана, ийнэ гэж байсан хүмүүс өнөө зүгээр л тоо тоолоод суудаг болчихож. Одоогийн байдлаар Монголд 206 хүн ДОХ-той гэж бүртгэгдсэнээс 26 нь нас баржээ. “Глобаль” сангаас манайд хэрэгжүүлдэг байсан ДОХ, сүрьеэ, хумхаатай тэмцэх төслийн санхүүжилт ирэх жилээс бүр мөсөн зогсоно. Тэгэхээр Монголын Засгийн газар хаанаасаа, ямар мөнгө олж, өвчтэй хүмүүсээ эмчлэх, хэрхэн урьдчилан сэргийлэх тухай бодох сөхөөгүй яваа нь даанч харамсалтай. Муу дээрээ муухай, муухай дээрээ улцан гэгчээр ДОХ-той тэмцэх үндэсний хороогоо татан буулгачихсан байгаа. Дээрээс нь ойрын үед хэдэн эмнэлгийн даргаа улс төрийн шалтгаанаар байн байн халж, солиод буй нь яавч сайны дохио биш. Бидний муу хэлээд байдаг социализмын үед нам дарсан байсан тэмбүү, улаан бурхан хүртэл өнөөдөр монголчуудыг “тохуурхаж” байхад энэ мэт халдварт өвчинтэй тэмцэх ганц төв болох ХӨСҮТ-ийнхөө даргаар баахан “оролдсоны” эцэст Д.Нямхүү өөрөө эргэн ирж чадсан билээ.
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАР САЙХАН СЭТГЭЛИЙН ХАНДИВ ӨГЛӨГ ДЭЭР Л ТОГТОЖ БАЙНА
“Эрүүл монгол хүн”-тэй болно гэж манай төр, засаг ярьдаг. Эрүүл монгол хүнгүй бол хэчнээн их эд баялагтай байгаад, эдийн засгийн өсөлтөөрөө яаж ч гайхуулаад хэнд хэрэгтэй юм бэ. Тэр талаас нь харвал ингэж ярих нь зөв л дөө. Харин ачир дээрээ монголчуудыг эрүүл энх байлгахын төлөө төр, засаг юу хийж байгаа билээ. Өнөөдөр үнэндээ эрүүл монгол хүнийг хайгаад олъё гэсэн ч тун ховордсон. Захын нэг хувийн эмнэлэгт үзүүлэх гээд очиход л өчнөөн хүн дугаарлаад зогсож байдаг. Цахим ертөнцөд өр өвтгөж, сэтгэл шимшрүүлсэн зураг, дүрс бичлэг ар араасаа хөвөрч, хандив тусламж гуйсан хүмүүсийн горьдлого тээсэн цуваа нэмэгдсээр байна. 2014 онд хорт хавдрын улмаас нас барсан хүмүүсийн тоо нийт үхлийн 24.3 хувийг эзэлж байсан нь өнгөрсөн жил мөн л багагүй хувиар өсөж, 3900 гаруй хүн энэ шалтгаанаар хорвоог орхижээ. 2015 онд гэхэд л 5700 гаруй хүн шинээр хавдартай гэж оношлогдсон нь Монголд энэ өвчин ямар их газар авч буйг харуулна бус уу. Ийм хүнд нөхцөлд монголчуудын төрөлх араншин сэргэсэн нь харин сайн хэрэг. “Өнгөрсөн жил хямралын он цаг байлаа. Одоо ч ялгаагүй” хэмээн манай дээдэс хэдийгээр хөмсөг зангидаж буй ч эгэл ард түмэн, сайн санаат хүмүүсийн идэвх санаачилгаар хандивын олон аян өрнөж, цөөнгүй гэр бүл, хамт олонд баяр хөөр бэлэглэснийг бид харсан. Сэтгэл байвал 1000 төгрөг ч ямар их хүчтэйг бид өнгөрсөн жил MN25 дугаар суваг телевизийнхний эхлүүлсэн аянаас харсан. Сэтгүүлч Мөнхбаясгалан, жүжигчин Ундармаа тэргүүтэй олны танил эрхэм доройтсон эрүүл мэндийн салбарын нэр хүндийг өргөж, элэг нэгт монголчууд хамтын хүчээр юу бүтээж болохыг үлгэрлэн, ард түмний итгэл найдварыг өрдлөө. Яг үнэндээ энэ салбар өдгөө иргэдийн сайхан сэтгэлийн хандив өглөг дээр тогтож байна гэхэд хилсдэхгүй шүү.