Улаанбурхан өвчний дэгдэлт нэмэгдэж, зөвхөн он гарснаас хойш 59 хүүхэд эл өвчний улмаас амиа алдсан хэмээн Эрүүл мэнд, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа мэдээлээд буй.
ХӨСҮТ-ийн Сэхээн амьдруулах, эрчимт эмчилгээнд хүүхдээ эмчлүүлж буй эцэг эхчүүд ч байдал ноцтой байгаа, хүчилтөрөгч өтгөрүүлэх буюу амьсгалын аппарат хүрэлцээ муутай байгаа хэмээн мэдээлснээр Дэлхийн Монголчуудын Глобал Нийгэмлэгийнхэн дэлхийн өнцөг булан бүрт байгаа монголчуудаас хандив цуглуулах аян зохион байгуулжээ. Тус аянд Америк, Швейцарь, Солонгос төдийгүй Африкийн Угандад ажиллаж, амьдарч буй монголчууд нэгдэж, мөнгөн болон живх, дархлаа дэмжих эм бэлдмэл зэрэг зүйлсийг хандивлаад буй.
Нийгэмлэгийн аяны хүрээнд цуглуулсан мөнгөөр хоёр ч хүчилтөрөгч өтгөрүүлэх аппаратыг худалдан авсан нь өнөөдөр иржээ.