Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл наймдугаар тогтоол гаргаж, Эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлттэй үнээр олгодог эмийн жагсаалтыг шинэчлэн баталсан. Ингэхдээ элэгний В болон С вирусийн зарим эмийн үнийг 40-80 хувь хөнгөлөхөөр болсон бол жирэмсний хугацаанд уудаг эливет, пренатол, менерал болон витаминуудыг мөн 50-70 хувь бууруулахаар болсон нь ээжүүдэд ихэд таалагдаж буй.
Гэхдээ НДЕГ-ын дээрх тогтоол энэ сарын 1-нээс хэрэгжиж эхлэх байсан ч эмийн сангууд жагсаалтад багтсан эмийг хөнгөлөлттэй үнээр худалдахгүй байв. Энэ талаар албаны хүнээс тодруулахад “Энэ сарын 15-наас эмийн сангууд хөнгөлөлттэй үнээр иргэдэд үйлчилж эхэлнэ” гэсэн юм.
Өөрөөр хэлбэл, өвдөлт намдаах, хордлого тайлах, халуун бууруулах, хавдрын, дархлаа дарангуйлах эм, хөнгөвчлөх эмчилгээний, зүрх, судасны, үрэвслийн, арьсны өвчин, ходоод гэдэсний, бамбай, түрүү булчирхай, халдварт өвчин, вирусийн зэрэг нийт 173 нэрийн, 404 төрлийн эмийг иргэд хямд үнээр авах юм. Гэхдээ эмчийн жор, эрүүл мэндийн даатгалын дэвтэр, иргэний үнэмлэхээ мартаж болохгүй шүү.
О.УНДРАХ