Эмч нарын хэнэггүй, хариуцлагагүйн гайгаар Н.Энхбилэг охин долоохон насандаа хөгжлийн бэрхшээлтэй болсныг бид мартаагүй. Өнгөрснийг сануулахад, 2013 оны аравдугаар сард Баянхонгор аймгийн Баянхонгор сумын хоёрдугаар ангийн сурагч эрүүл саруул гүйж явсан ч өнөөдөр хөл, гараа бүтнээр нь тайруулчихаад байна. Тухайн үед сургуулийнх нь эмч Н.Цэрэнханд түүнд сахуу, татрангийн вакцин хийхдээ алдаа гаргаснаас болж, гар, хөлийн хуруунууд болон хэл нь үхэжсэн юм.
Вакцин тариулснаас хойш охин ЭХЭМҮТ-д гурван сар хэвтэн эмчлүүлсэн ч дээрдээгүй. Эмч нар түүнийг оношилж чадахгүй, “Монголд байтугай дэлхийд байхгүй, саяд нэг тохиолдох ховор өвчин” хэмээж байв. Гэтэл манайхны саяд нэг тохиолдох гэж оношилсон өвчний учрыг БНСУ-ын эмч нар түвэггүйхэн олж тогтоосон. Охинд вакцин хийхдээ горим алдсан, цусанд бохир оруулснаас бие эрхтэн нь тэгтлээ муудсан байж.
Үүнээс хойш охин БНСУ-д очоод гарынхаа хуруунуудыг нэмж тайруулан, найман хуруунаасаа салсан ч “Оношийг нь ололгүй хугацаа алдсанаас хоёр гар, хоёр хөлийг тавхайгаар нь тайрахаас өөр арга байгаагүй” гэж АШУҮИС-ийн Мэс заслын тэнхимийн багш Пак Кван Тэ хэлэв.
Тэрбээр БНСУ-ын “Корей” их сургуулийн “Анам” эмнэлгийн мэс заслын эмч Ли Сүн Хёгтой охиныг холбож өгснөөр өнөөдөр Н.Энхбилэг өвчнөөсөө бүрэн ангижраад иржээ. 2015 оны арванхоёрдугаар сарын 15-нд охины хагалгаа амжилттай болсныг түүнд дуулгасан аж.
Н.Энхбилэг охин, түүний аав ээж, эгч, дүүг нь өчигдөр БНСУ-аас Монголд суугаа Элчин сайд У Сун хүлээн авч, эмчилгээнд нь нэмэр хандив өгөв. Пак Кван Тэ “Охинд 10 гаруй сая төгрөгөөр хиймэл гар, хөл хийж өгсөн. Түүнээс гадна эмчилгээний төлбөр 40 гаруй сая төгрөг болсон ч бүгдийг “Анам” эмнэлэг даасан. Би Корей их сургуулийг төгсөөд тэнд ажиллаж байсан учир охинд тусалж чадлаа.
Хүчтэй тариа хийснээс болж, охин маань жаахан хавагнасан байгааг та нар харж байна. Цаашид энд, миний хяналтад байх юм. Н.Энхбилэг дөнгөж 10 настай тул өсөж томрох бүрт хиймэл эрхтэнүүдийг нь солих шаардлагатай. БНСУ руу ирж, очих онгоцны, бас тэнд суралцах бүх зардлыг Корей их сургууль, “Анам” эмнэлэг хариуцахаар болсонд бид маш их баяртай байна” гэлээ.
Охин өдгөө зургаан сар гэртээ амарч, нөхөн сэргээх эмчилгээ хийлгээд хэсэг хугацааны дараа жирийн хүн шиг гүйж, харайж болно гэдгийг түүнд хагалгаа хийсэн эмч Ли Сүн Хёг хэлжээ. Тэрбээр Өмнөд Солонгост эмчлүүлж байхдаа солонгос хэл сурч, ойр зуурын юм ярьдаг болоод ирсэн нь үнэхээр хөөрхөн санагдсан. “Намайг эдгээсэн хоёр эмчийнхээ ачийг заавал хариулж, өвдөж зовсон хүүхдүүдийг анагаадаг мундаг хүн болно. Эмч нартаа, дэмжиж тусалсан монголчууддаа баярлалаа” гэж Н.Энхбилэг хэвлүүхэн ярив.
О.БАТ-УНДРАХ