Бактер болгон хүнийг шимэгчилж, янз бүрийн эмгэг үүсгэдэг гэж та бодож байна уу. Бидний бие организмд ашигтай бичил биетүүд төрсөн цагаас бий болдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй. Эдгээр нь ходоод гэдэсний дутуу боловсруулсан тэжээлийг бүрэн задлан, хортой нянг устгаж, хүний биед нэн ашигтай Е, Н витамин, РР болон фолийн хүчлийг нийлэгжүүлдэг шидтэй. Хүн эхээс төрмөгцөө уургаар дамжуулан хамгийн анхны бактер болох лактобациллусыг биедээ хүлээн авдаг аж. Энэ бичил биет нь хоол боловсруулах замын үйл ажиллагааг тэнцвэржүүлэх үүрэгтэй бол өөр олон төрлийн ашигтай нян бидний биед бий. Гэхдээ гадуур байнга хооллох, нийтийн аяга, халбага хэрэглэх, антибиотик уух, ходоод гэдэсний болон бусад архаг эмгэгтэй бол таны ашигтай бактер дорхноо устаж, бүр байхгүй болдог юм байна шүү. Энэ талаар Улсын гуравдугаар төв эмнэлгийн Хоол боловсруулах эрхтэн судлалын тасгийн эрхлэгч, доктор Д.Бадамсүрэнтэй ярилцлаа.
-Хүний биеийн хаана хаана ашигтай бактер “нуугдаж” байдаг юм бол оо?
-Арьс, ам, хамрын хөндий, хоол боловсруулах зам, шээс, бэлэг эрхтэний салст бүрхэвчинд ашигтай буюу хэвийн бичил биет байдаг. Эдгээрийн харилцан хамаарал алдагдахад тухайн хүний биеийн эсэргүүцэл суларч, гаднаас ямар нэгэн эмгэг төрөгч, нянгийн халдвар авснаар өвчлөх нөхцөл бүрддэг юм. Харин хэвийн үед бичил биетүүдээс ялгарч буй перментийн нөлөөгөөр 12 хуруу гэдэс, цус бүлэгнэх, дархлааны систем урвалд орж, ашгаа “өгдөг”. Хүний биеийн нэг ам см талбайд 104 ширхэг ашигтай бактер бий. Түрүүнд хэлсэнчлэн энэ тоо алдагдах төдийд эмгэг үүсдэг.
-Эмнэлгүүд ашигтай нянгаар эмчилдэг болж. Яг яаж эмчилдэг юм бэ?
-Эрт үеэс манайхан хүний биеийн бичил биетүүдийг өсгөх замаар эмчилгээнд хэрэглэж ирсэн. Тухайлбал, гэдэс нь өвдөөд, суулгаад байгаа хүүхдэдээ таргаар бургуй тавихаар гүйлгэхээ больчихдог. Гэдэсний ашигтай бактерийг “бор” аргаар өсгөж буй нь тэр. Анагаах ухаан хөгжихийн хэрээр лабораторид ашигтай бичил биетүүдийг олшруулан, эмчилгээнд өргөн ашиглаж байна. Уг нь Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн хүний гэдсэнд байдаг ашигтай нянг өсгөвөрлөөд, дотооддоо нийлүүлдэг байсан ч үйлдвэрлэл нь зогсчихсон. Тиймээс бид гадаадаас, зөвхөн ходоодных л гэхэд лактобактер, бифидумбактер зэргийг шахмал, шингэнээр нь оруулж ирээд, эмчилгээндээ ашиглаж байна.
-Ашигтай бактер устсаныг хэрхэн мэдэх вэ?
-Мэдээж лабораторийн шинжилгээгээр мэдэх боломжтой. Түүнээс гадна амнаас эвгүй үнэр гарах, ходоод өвдөх, хоол шингэхгүй байх, хеликобактер буюу ходоодны шархлаа үүсгэдэг эмгэгтэй бол, янз бүрийн шалтгаанаас болж гүйлгэж суулгадаг, элэг цөс өөрчлөлттэй, амархан ядардаг, ямар нэг харшилтай бол ашигтай бактер багасаж, бараг байхгүй болдог. Тиймээс илэрч буй зовиурынхаа дагуу 14 хоног, шаардлагатай бол хоёр сар хүртэл эмчилгээ хийлгэх хэрэгтэй. Сүүлийн үед монголчуудын олонх нь ходоодны шарх, хавдар үүсгэгч хеликобактертай байна. Энэ нь гэдэсний ашигтай нянгийн тэнцвэрт байдал алдагдсанаас ходоодонд халдвар амархан дамжиж буй хэрэг. Уг бактерийн эсрэг заавал уух шаардлагатай метронидазол гэдэг эмэнд өвчтөнүүдийн 37 хувь нь дасал болчихсон нь харамсалтай. Тухайн хүний дархлаа хэвийн, сайн байвал хеликотой хүний бохийг зажилсан ч халдвар авахгүй. Хүүхдүүд 12 нас хүртлээ уг вирусийн эсрэг дархлаатай байдаг. Түүнээс дээш бол хүний санамсаргүй үсэргэсэн шүлснээс ч халдвар авах боломжтой. Тиймээс гадуур ил задгай борлуулдаг жимс, самар, хүнсний ногоог сайтар угааж хэрэглэх, аливаа хүнсний бүтээгдэхүүний хадгалалт, битүүмжлэлийг заавал шалгаарай.
-Эмэгтэйчүүд бэлэг эрхтэндээ байнга дотуур угаалга хийдгээс болж, ашигтай бактер нь устчихдаг гэж үнэн үү?
-Тийм ээ, үнэн. Хэвийн байх ёстой зүйлийг төрөл бүрийн саван, химийн найрлагатай бүтээгдэхүүнээр угаагаад байхаар усталгүй яах вэ. Тэгэхээр янз бүрийн халдвар ороход таатай нөхцөл бүрддэг. Мөн хэвийн бичил биетийнх нь харьцаа алдагдахаар охид, хүүхнүүд амархан мөөгөнцөртөж байна. Мөн шээс хаагдах, задгайрах шинж тэмдэг ч илэрнэ. Ийм тохиолдолд шинжилгээ хийлгээд эмчийн заавраар ашигтай нянгаар хангаж өгдөг. Ямар нэгэн халдвар авчихаад түүнийгээ эмчлэх гэж баахан антибиотик ууснаар эмгэг төрөгч, ашигтай нянгийнхаа тоог хамт дарангуйлдаг тал ч бий. Үүнээс болоод дархлааны систем сулардаг. Мөн сүүлийн үед охид, эмэгтэйчүүд турах нэрийдлээр ходоод гэдэс, цөсөө их угаадаг болжээ. Ингэхдээ ашигтай бактераа хамтад нь “хөөгөөд” гаргачихаад байна. Бид цөсийг улиралд нэг удаа угаахыг зөвлөдөг. Үүнээс олон бол сөрөг үр дагавартайг анхаараарай. Монголчууд ярьдаг даа, “Юу ч идсэн дээш, доошоо гаргаад ходоод ямар ч өнгөргүй болчихжээ” гэж. Тэгэхээр гэдэсний ашигтай нянгаа хамгаалах хэрэгтэй.