Дэлхийн Харшлын Байгууллага (ДХБ) 97 орны гишүүдийн хамт “Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицол ба ургамлын тоосны харшил” уриан дор Дэлхийн Харшлын Долоо хоногийг 2016 оны 4 сарын 4-10 өдрүүдэд зохион байгуулахаар болоод байна. Баримтаас үзэхэд агаар дахь СО2 ялгаралт ихсэж байгаа нь дэлхийн дулаарал үүсгэж, улмаар ургамлаас ялгарах тоос ихсэж, ингэснээрээ орчны агаар дахь ургамлын тоос ихэссэнээр ургамлын харшлаар өвчлөх эрсдэлийг нэмэгдүүлж байна.
1. Ургамлын тоосны харшил гэж юу вэ?
Харшил төрүүлэгч хүчин зүйлс хамар болон нүдний салстад үйлчилснээр шинж тэмдэг илэрдэг өвчин юм. Хамар битүүрэх, найтаах, хамраас шингэн нус гарах, нүднээс нулимс гарах, нүд загатнаж улайх, чихний дотор, хамар загатнах шинж тэмдгүүд илэрдэг. Эдгээр шинж тэмдгүүд нь мод, үет ургамал, хөл газрын ургамлын тооснуудын эсрэг бие махбодын хэт мэдрэгших урвалын дүнд илэрнэ. Дээрх тоосны харшил төрүүлэгч нь нүд, хамрын салстын иммуноглобулин Е (IgE)-тэй холбогдсоноор дархлааны эсүүдээс хистамин, лейкотриен зэрэг биологийн идэвхит бодис ялгаруулж харшлын шинж тэмдгийг бий болгоно.
2. Дэлхий дахинд харшлын ринитын тархалт ямар байна вэ?
Хүүхдийн дунд Харшил Астмын олон улсын судалгаагаар (ISAAC)13-14 насны хүүхдүүдийн дунд харшлын ринитын тархалт 22.1 хувь байна. Бүс нутгуудад харилцан адилгүй байна: Африкт 29.5 хувь, Азид 23,9 хувь, Энэтхэгт 15.8 хувь, Латин Америкт 23.7 хувь, Хойд америкт 33.3 хувь, Зүүн европ 12.3 хувь, Баруун европ 21.2 хувь тархалттай байна. Манай оронд 2000 онд Улаанбаатар хотод харшлын риноконъюктивит 18.4 хувь, харшлын мэдрэгшилт 31 хувь тархалттай байсан ба 2009-2010 онд хийгдсэн судалгааны дүнгээрУлаанбаатар хотын насанд хүрэгчдэд харшлын ринитийн тархалт 23.6 хувь, риноконьюктивитийн тархалт 14,6 хувь болж нэмэгдсэн байна.
3. Ургамлын харшилтай хүмүүс хүрээлэн буй орчны бусад аллергенд мэдрэгшсэн байдаг уу?
Ургамлын харшилтай хүмүүс хүрээлэн буй орчны аллергенд мэдрэгших хандлагатай байдаг. Жишээ нь: “ургамлын тоос – хүнсний харшлын хам шинж” буюу “амны харшлын хам шинж”. Тодорхой нэг ургамалд харшилтай хүн зарим хүнсэнд харшилдаг. Түүхий жимс (алим, тоор, гүзээлзгэнэ, интоор, лийр болон самар), хүнсний ногоо идсэний дараа богино хугацаанд загатнах, биеэр жижиг эсвэл бэлцрүүт тууралт гарах, ам, залгиур хавагнах зэрэг шинж тэмдэг илэрдэг. Энэ нь дээрх хүнсэнд ургамлын аллергентэй ижил уураг байгаатай холбоотой ба ам залгиурт хавьтлын чонон хөрвөс үүсч байгаагийн илрэл юм. Зарим ургамлын харшилтай хүн мөөгөнд харшлах тохиолдол байдаг. Дулаарал нь халуун болон чийглэгийг нэмэгдүүлснээр хөгц, мөөг ургах нөхцөлийг бий болгодог. Байр орон сууцанд агааржилт болон чийгшилтийг зохицуулга алдагдсанаас хөгц мөөг ургах таатай нөхцөл бүрддэг.
4. Уур амьсгалын өөрчлөлт ургамлын тоосны харшилд хэрхэн нөлөөлөх вэ?
Уур амьсгалын өөрчлөлт нь ургамлын харшлын хугацааг уртасгаж байгаа нь харшлын эрчим нэмэгдэх шалтгаан болж байна. Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас ургамлын тоосны харшил, бусад харшил, ялангуяа мөөгөнцрийн харшлын тархалт, харшлын эрчим нэмэгдэж улмаар бусад олон аллергенд мэдрэгших магадлалыг ихэсгэж байна. Ургамлын тоосны харшлын тархалт нэмэгдэх хэрээр эдийн засагт хүчтэй сөрөг нөлөө үзүүлдэг (ажлын бүтээл буурах, цалин багасах, суралцах чадвар буурах, эмчилгээний зардал нэмэгдэх)
5. Ургамлын харшил амьдралын чанарыг хэрхэн сулруулдаг вэ?
Бие бялдар, сэтгэл санаа, нийгмийн харилцааны идэвхийг буруулдаг. Зарим өвчтөнд ургамлын харшлын үед ядрах, цухалдах, бачимдах, сэтгэл гутрал бий болох, анхаарал төвлөрөх болон оюуны ажил хийх чадвар нь буурдаг. Хамар битүүрэх зовиур түгээмэл тохиолдох ба нойр хямрах шалтгаан болно. Үүнээс болж сэтгэхүйн хямарч, өдөр нойрмоглох, танин мэдэх үйл ажиллагаа буурна. Хүүхпүүпэп анхаарал төвлөрөл муудаж сурах чадвар, зан төлөв өөрчлөгдөнө. Насанд хүрэгчдэд ажлын идэвхи, хөдөлмөрийн бүтээмж буурдаг.
6. Ургамлын харшилтай хүмүүс уур амьсгалын өөрчлөлт болон ургамлын аллергенд дасан зохицохын тулд юу хийж чадах вэ?
Ургамлын харшилтай хүмүүс уур амьсгалын өөрчлөлтийн улмаас үүсч болох өвчин, газар нутагт нь гарч болох өөрчлөлт, дасан зохицохын тулд авч болох арга хэмжээний талаар мэдлэгтэй байх хэрэгтэй. Мөн нарийн мэргэжлийн эмч оношлогоо болон тохиромжтой эмчилгээний аргыг хэрэглэх шаардлагатай. Дархлаа эмчилгээ нь (тарих болон хэлэн дор шахмалаар хэрэглэх) шинж тэмдгийг бууруулахад үр дүнтэй байдаг. Мэргэжилтнүүд харшлаас урьдчилан сэргийлэх болон эмчлэх, хүрээлэн буй орчны хяналт арга хэмжээ авснаар харшлыг бууруулж болно.