Шинжлэх ухааны ажилтны баярын өдрийг тохиолдуулан Боловсрол, шинжлэх ухааны яам, Шинжлэх ухааны академи, Шинжлэх ухааны технологийн сан хамтран Шинжлэх ухаан, технологи, инновацийн үйл ажиллагааны олон талт оролцоо” сэдэвт чуулга уулзалтыг зохион байгуулж байна.
Чуулга уулзалтад эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд, их дээд сургуулиуд, мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагууд, банк санхүү, хувийн хэвшил, бизнесийн байгууллагуудын 600 гаруй төлөөлөгч оролцож байгаа юм. Энэхүү чуулга уулзалт нь манай улсад мэдлэгт суурилсан эдийн засгийн салбаруудыг өргөжүүлэн хөгжүүлэх, өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд эрдэм шинжилгээний байгууллага, мэргэжлийн холбоод, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын хамтын үйл ажиллагааг сайжруулах зорилготой аж. Уулзалтын үеэр эрдэмтэн, судлаачдын олон жилийн онолын болон хэрэглээний судалгаа, шинжилгээний ажлын үр дүнг нийтэд түгээн дэлгэрүүлж таниулах, урамшуулах арга хэмжээ зохион байгууллаа. Мөн шинжлэх ухаан, технологи, инновацийн салбарын өнөөгийн байдал, ирээдүйн зорилт, бодлогын хэрэгжилт, тус салбарын хөгжилд мэргэжлийн нийгэмлэгүүдийн гүйцэтгэх үүрэг, салбарын санхүүжилтийн олон талт эх үүсвэрийг бий болгох зэрэг чиглэлүүдээр хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.
Мөн шинжлэх ухааны ажилтны баярын өдрийн хүрээнд салбарын ололт амжилт, үр дүн, шинэ технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, оюуны бүтээлийг эдийн засгийн эргэлтэд оруулах, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ бий болгох, төр, хувийн хэвшлийн хоорондын уялдаа холбоог сайжруулах зорилгоор “Шинжлэх ухаан-үйлдвэрлэл 2014” үзэсгэлэн худалдааг өнөөдөр, маргааш Монголын уран зургийн галлерейн үзэсгэлэнгийн танхимд зохион байгуулна. Уг үзэсгэлэнг эрдэмтдийн гаргасан бүтээлийн дээжис болон эрдэм шинжилгээний байгууллагууд, эрдэмтэн судлаачдын бүтээлийн үр дүн гэсэн хоёр ангилалтай зохион байгуулна. Үзэсгэлэнд эрдэм шинжилгээний нийт 70 гаруй байгууллага оролцож байна