Зохиолч, яруу найрагч Б.Батрэгзэдмаа арваннэгдүгээр сарын 26-нд буюу БНМАУ-ыг тунхаглаж, анхны үндсэн хуулиа баталсны 80 жилийн ойн баярын өдөр “Очир эрхшээгч” хэмээх шинэ романыхаа нээлтийг “Интерном” дэлгүүрт хийлээ. Хүний заяа төөрөг, өрнө дорнын оюун санааны шүтэлцээ, дэлхий ертөнц, одот огторгуйн барилдлага, хүн төрөлхтний эрхэм нандин эрмэлзлэл болох энэрэл хайр, элбэрэл нигүүлсэл, буян хийгээд бодь сэтгэлийн чанарын тухай өгүүлэх энэ бүтээлийн эхний хуудсыг дэлгэснээсээ хойш салж, чадахгүй “тэвэрч” явна.
Эгэл жирийн нэгэн англи эр монгол гэгээнтэнтэй учирснаар урьд насандаа эгэлгүй хүч олсон лам хувраг явснаа мэдэж, үйлийн үрийн гүн гүнзгий утга, мөнх ба мөнх бусын амьдралыг танин мэдэж, дэлхий ертөнцийн ил, далдын гайхалтай явдал, дээд оршихуйн чанадын гайхамшигт нууцад нэвтрэн гэгээрэлд хүрч буй тухай энэ романд өгүүлдэг аж.
Б.Батрэгзэдмааг найзууд нь “утга зохиолтой сүй тавьсан хүн” хэмээн хошигнон ярьсан нь нэг талаараа үнэний ортой. 2013 онд нэгэн зэрэг найман номын нээлт хийж, яруу найргаа таван хэлээр хэвлүүлж байсан бол энэ оны хоёрдугаар сард “Асоадарэ” гурван цуврал ботио уншигчдын гарт хүргэснийг нь та бүхэн санаж буй биз ээ. Харин түүнээс хойш хэдий хэрийн хугацаанд багтаан “Очир эрхшээгч”-ийг бүтээснийг нь та бүхэн тооцож чадна байх.
Хуудас нээх бүрт шинэ орчинд хүргэж, хачирхалтай мэдрэмж төрүүлж, ер бусын ертөнц, өнгөрсөн цаг хугацаанд аялуулах энэ бүтээлийн эхийг “Тэнүүн” агентлагт бэлтгэж, “Мөнхийн үсэг” ХХК хэвлэжээ.