Хэнтий аймгийн Баян-Адарга сумын нутаг дахь Дуурлиг нарсны хоёрдугаар булшнаас 2007 онд Хүннүгийн үеийн нэгэн гоёлыг олжээ. Шувууны дүрстэй энэ чулуун сувс нь маш нарийн уран хийцтэй бөгөөд өмнө нь Хүннүгийн үеийн булшнаас түүнтэй төстэй өөр гоёл олж байгаагүй аж. Судлаачид энэ гоёлыг хүзүүний зүүлт, чимэгний хэсэг байсан хэмээн дүгнэсэн. Манай эриний I зууны үед хамаарах энэ дурсгалын урт нь 1.77 см, өргөн нь 1.25 см бөгөөд нэг нь 0.59 см, нөгөө нь 0.56 см зузаантай. Хул шаргал болон улаан өнгөөр туяарах зөөлөн чулууг сийлж гургуул эсвэл тогостой төстэй шувууны дүрсийг гаргажээ. Чулуугаар сийлсэн сувсан дээрх шувууны сүүлийг зуйван хэлбэрийн цагирагуудыг хэлхсэн мэт гаргаж, эх бие, толгойг харьцангуй жижгээр урласан байна. Доод хэсэгт нь утас сүвлэх жижиг нүх гаргасан нь хүзүүний зүүлт байсныг нь нотолж буй юм.