Үндэсний хөгжмийн урлаг, сонгодог урлагийн насыг тоолбол хол зөрүү гарна. Хэчнээн он цагийг туулан өдий хүрснийг нь мэдэх боломжгүй үндэсний урлагийн төрөл ч гэж бий. Мөн он цагийн уртад шилэгдэж, шигшигдсэн сонгодог урлагийг ч үүсэн бий болж хөгжсөн цаг хугацаагаар нь ялгаж боломгүй. Тэгэхээр урлагийн энэ хоёр төрөл өөр өөрийн жамаараа хөгжихөөс гадна нэгэн цэгт огтлолцох нь дамжиггүй.
Тэгвэл ХБК-ийн шилдэг оюутан, авьяаслаг хөгжимчин Э.Цэндсүрэн энэ Дорноос гаралтай уламжлалт хуучир хөгжмийн зэмсгээр дэлхий сонгодог, орчин цагийн бүтээлүүдийг тоглож, үзэгчдийн сонорыг мялаахаар болжээ. “Folk meets classic” тоглолт арванхоёрдугаар сарын 13-нд Улсын филармонид болно. Урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Чинбат, гавьяат багш Б.Зоригт, төгөлдөр хуурч- Д.Баярцэцэг, Ё.Одгэрэл болон Хөгжим бүжгийн коллежийн симфони найрал хөгжим, Цохивор хөгжмийн чуулгынхан оролцоно. Түүний уран бүтээлийг нийтэд түгээх эл төслийг түүний багш П.Мөнгөнцэцэг удирдаж буй.
ОХУ-ын Буриадын Улаан-Үд хотноо болсон “Найдал-2008” олон улсын II уралдааны IV байр, гавьяат жүжигчин С.Цэвэлмаагийн нэрэмжит Өсвөрийн хуучирчдын улсын анхдугаар уралдааны тэргүүн байр, Л.Мөрдоржийн нэрэмжит Үндэсний хөгжимдийн улсын II уралдааны дэд тэргүүн байрын шагналтай энэ охин ХБК-ийн 2011 оны шилдэг сурагч, 2012 оны шилдэг уран бүтээлч оюутан болж байсан юм.