Лондон хотын төвд байрлах “Cumberland Gate” үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байдаг Чингис хааны хөшөөг Монголд авчрахаар болсон гэнэ. Дэлхийд хамгийн өргөн уудам газар нутагтай, эзэнт гүрнийг байгуулж явсан эзэн Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойд зориулан Их Британид сүндэрлэсэн уг хөшөөг ОХУ-ын Буриадын нэрт уран барималч Даши Намдаков бүтээсэн юм. 4.8 метрийн өндөртэй, өвөрмөц, уран дүрслэл бүхий энэхүү хүрэл хөшөө нь 1.5 сая ам.долларын үнэ хүрдэг аж. Харин УИХ-ын болон Засгийн газрын гишүүн Д.Бат-Эрдэнэ уг бүтээлийг хоёр сая ам.доллараар худалдан авч, эх орондоо авчрахаар болсныг жиргээчид дуулгав.
2012 оны Лондоны олимпийн өмнө тус хотын төвд сүндэрлэсэн хөшөөний нээлтийн үеэр Даши Намдаков “Энэ хөшөө бол Чингис хааны дайчин чанарыг харуулж чадсан.Чингис маш их оюунлаг хүн байсныг хөшөөгөөр дамжуулан харуулахыг хичээсэн” хэмээж байсан гэдэг. Харин одоо Монголд авчрах болсныг нь хүмүүс янз бүрээр тайлбарлаж байна. “Лондоны төвд байрлуулж чадсанаараа энэ хөшөө улам үнэ цэнэтэй байх болов уу. Монголд ирэхээрээ жирийн л нэг хөшөө болж хувирна” гэх нэг хэсэг байхад зарим нь “Эзэн Чингис хааны минь хөшөө эх орондоо удахгүй залрах нь” хэмээн баярлаж байв.