Монголын урлагийн зөвлөлөөс хэрэгжүүлдэг Олон нийтийн урлагийн боловсролын хөтөлбөрийн хүрээнд хүүхэд залуучуудын урлагийн боловсролд дэмжлэг үзүүлэх, тэдний бүтээлч үйл ажиллагааг өрнүүлэх, үндэсний өв соёлоо хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилготой олон ажил санаачлан зохион байгуулж буй. Тэдгээрийн нэг “Ирээдүйн авьяастан” тэтгэлэгт хөтөлбөр нь ирээдүйд манайд нэн шаардлагатай мэргэжлүүд болох хөгжим судлаач, зохиолч, удирдаач, утсан хөгжимчнөөр суралцаж буй, санхүүгийн гачигдалтай оюутнуудад сургалтын тэтгэлэг олгодог юм. МУЗ Америк дахь монголчуудын Соёлын холбоотой хамтран хэрэгжүүлдэг тус хөтөлбөрийн 2014-2015 оны тэтгэлгийг ХБК-ийн Морин хийл хөгжмийн 4а ангийн Б.Анхмаа, Альт хөгжмийн 4а ангийн А.Ариунномин, Хийлийн 4а ангийн Б.Номуунаа болон СУИС-ийн Хөгжмийн зохиолчийн II, III курсийн оюутан Ж.Түвшинтөгс, Ж.Нямсүрэн нар хүртлээ.
2010 оноос хойш олгож буй энэхүү тэтгэлгийг нийтдээ 21 оюутан залуус хүртээд байгаа бөгөөд зарим нь эхнээсээ мэргэжлээрээ ажиллаж буй гэнэ.