Дорнын их яруу найрагч Б.Явуухулангийн 85 насны ойд зориулсан “Очирваанийн их эгшиглэн” яруу найргийн наадам уржигдар УДЭТ-т боллоо. Завхан аймгийн залуучууд, оюутны хөгжлийн төвөөс зохион байгуулсан тус наадамд оролцохдоо яруу найрагчид сүүлийн таван жилд хэвлүүлсэн номоо, Отгонтэнгэр уул, Хутагт гэгээдийн тухай бичсэн нэг шилдэг шүлгийн хамт сойсон юм. Завхан нутгаас төрсөн 10 хутагтын хишигт яруу найрагчаар хэн хэн тодорсныг танилцуулъя.
Шашин төрийн нэрт зүтгэлтэн, Монгол Улсын ерөнхий сайд асан, Жалханз хутагт Дамдинбазарын хишигт яруу найрагчаар ардын уран зохиолч Т.Галсан тодорч, цалин цагаан мөнгөөр урласан Отгонтэнгэр хайрханы дүрс, есөн эрдэнээр шигтгээ суулгасан мөнгөн суврага бүхий “Хутагтын хишигт яруу найрагч” соёрхол, нэг сая төгрөг гарджээ. Түүнчлэн Дилаво хутагт Жамсранжавын хишигт яруу найрагчаар ардын уран зохиолч П.Бадарч, Норванчин гэгээн Пүрэвжав хутагтын хишигт найрагчаар Ай.Төмөр-Очир, Ар Халхын алт, мөнгөн тамгат Ялгуусан гэгээн Чимэдцэрэн хутагтын хишигт найрагчаар Л.Мягмарсүрэн, Арь гэгээн Чанаравхутагтын хишигт найрагчаар М.Уянсүх нар тодорч тус бүр нэг сая төгрөгийн эзэн болов. Мөн Хамба гэгээн Жамбалдорж хутагтын хишигт найрагчаар Б.Баттулга, Билэгт ламын хувилгаан Дашдорж хутагтын хишигт найрагчаар Б.Мягмаржав, Ачит ламын хувилгаан Вандандорж хутагтын хишигт найрагчаар Д.Баянтунгалаг, Буурал багшийн хувилгаан Аажаа гэгээн Г.Гэндэнжамц хутагтын хишигт найрагчаар Ж.Баяржаргал, Мяла багшийн дүр Цагаан дарь эхийн хувилгаан Цэрэндондов хутагтын хишигт найрагчаар П.Нямлхагва нар тодорсон бол Дорнын их яруу найрагч Б.Явуухулангийн нэрэмжит шагналын эзнээр “Болор цом”-ын дэд байрын шагналт О.Цэнд-Аюуш шалгарчээ.