Монголын зохиолчдын эвлэлээс 14 дэх жилдээ зохион байгуулах гэж буй утга зохиолын оны шилдэг бүтээл шалгаруулах “Алтан өд-2014” наадмын бүртгэл уржигдар эхэллээ. Яруу найраг, хүүрнэл зохиолын богино болон томоохон хэмжээний бүтээл, жүжиг, киноны, хүүхдийн зохиол, утга зохиолын судлал шүүмж, шилдэг орчуулга, баримтат уран зохиолын бүтээл гэсэн найман төрлөөр уран бүтээлчдийн материалыг хүлээн авах юм байна.
“Алтан өд-2014” наадамд оролцох хүсэлтэй зохиолч, яруу найрагч, уран бүтээлчдийн бүтээлийг ирэх сарын 15-ныг дуустал МЗЭ-ийн байранд бүртгэх аж. Утга зохиолын салбарын оны шилдгүүдийг шалгаруулдаг уг арга хэмжээний цар хүрээ жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа бөгөөд өнгөрсөн онд гэхэд л 200 гаруй хүний бүтээл ирж байжээ.