Унгарт амьдардаг, гадаадын олон кинонд орлон тоглогчоор ажилласан Н.Цогтсайхантай фэйсбүүкээр холбогдон, ярилцсанаа хүргэе.
-Манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу?
-Намайг Наранцогтын Цогтсайхан гэдэг. Будапешт хотод 10 гаруй жил амьдарч байна. 2007 оноос орлон тоглогч, мэргэжлийн бус жүжигчнээр ажиллаж ирлээ. Унгарын Орлон тоглогчийн академийн төгс өх дамжааны оюутан. Гэхдээ сургуульд сураад л орлон тоглогч болохгүй. 40 гаруй жил энэ мэргэжлээр ажилласан туршлагатай хүмүүс ч алдах нь бий. Академид зөвхөн анхан шатны мэдлэг олгодог. Орлон тоглогч мотоцикль, машины үзүүлбэр үзүүлдэг, тулалддаг гээд олон янз. Тиймээс төгсөөд аль нэг чиглэлээр нь дагнан мэргэших хэрэгтэй.
-Хамгийн анх ямар кинонд тоглосон бэ?
-2007 онд Унгарын нэгэн инээдмийн кинонд Хятадын мафийн толгойлогчийн бие хамгаалагч болж оролцсон. Яг ч дүр бүтээгээгүй, арын тоглогч гэх үү дээ. Өөрөөр хэлбэл, гол дүрүүдийн ард хоорондоо тулалдана гэсэн үг. Унгарт ази жүжигчин ховор. Ихэнхдээ Азиас жүжигчид урьж авчирдаг. Энд байгаа хэдхэнийг нь тэр бүр байнга тоглуулаад байдаггүй.
-Ямар кинонуудад оролцсон бэ?
-“Hell boy”, “Monte carlo”, “Eragon” зэрэг Холливудын 12, Унгарын дөрөв, Английн “Дракула”, БНСУ-ын “Айрис” тэргүүтэй телевизийн олон ангит дөрвөн кинонд оролцсон. 2015-2016 онд нээлтээ хийх “Spy”, “Fallen”, “American girl” киноны зураг авалтад оролцоод байна. “47 Ronin”-д эсрэг талын хааны самурайд хувирч, “Strike back” хэмээх Английн олон ангит кинонд Хойд Солонгосын цэрэг болж, “Spectral”-д жүжигчин Луи Озава Чангчений орлон тоглогчоор ажилласан. Одоохондоо дүр аваагүй, орлон тоглогч юм уу эсвэл буудуулж, дэлбэрч байгаа зэрэг хэдхэн секунд гараад өнгөрдөг хэсгүүдэд тоглож байна.
-Европ кинонд азиуд ихэнхдээ эсрэг талын баатар болж дүрслэгддэг үү?
-Тийм ээ. Би ихэвчлэн солонгос, япон, хятад, казахын дүрд тоглосон. Монгол дүртэй кино гараагүй л байна. Би Унгарт байгаа анхны ази орлон тоглогч. Одоогоор надад өрсөлдөгч байхгүй учир тэр хэрээрээ боломж байгаа гэсэн үг.
-Кинонд харилцан ярьж гардаг хэсэг бий юү?
-Уг нь “Хатуу самар-5”-д Оросын мафийн алан хядагч бүлгийн гишүүн болж дүрслэгддэг. Брюс Уиллис хуягттай явж байхдаа манай машинтай мөргөлддөг хэсэгт би даргадаа “Үүнд хэн нэгэн туслаад байх шиг байна” гэж хэлэх ёстой байсан. Даанч тэр үед анзааргагүйгээсээ болж, амархан гэж санаад боломжоо алдсан. Мөн тэр киноны нээлт ойртоод яаравчилсан учир олон хоног зураг авсан хэрнээ монтажлахдаа богиносгосон байсан. Унгарын цагдаа нарын тухай олон ангит кинонд Азийн хар тамхины наймаачны дүрд тоглосон. Хэргээ хүлээхгүй гээд мөрдөн байцаагчтай байцаалтын өрөөнд муудалцаж буйгаар гардаг юм. Найруулагч Ридил Скоттын удахгүй нээлтээ хийх кинонд Хятадын сансрын нисэгчийн дүр авсан. Тэр киноны дүр минь харилцан яриатай гэж найдаж байна.
-Алдартай уран бүтээлчидтэй хамтран ажиллах ямар байдаг бол?
-Холливудын оддыг их зантай гэж бодож байтал үгүй юм билээ. “Хатуу самар” кинонд жүжигчин Брюс Уиллист би буудуулж гардаг үеийн зургийг авах гэж нэлээд олон хоног болсон. Тэр боломжийг ашиглан гарын үсгийг нь авах зорилгоор “Армагеддон” киноных нь хуурцгийг худалдан авсан юм. Тэгээд завсарлагаанаар очоод “Гарын үсгээ өгөөч” гэтэл нэг их муухай хараад, юу ч хэлэлгүй яваад өгсөн. Гэтэл хэд хоногийн дараа бие хамгаалагч нь ирээд “Утасныхаа дугаарыг өгөөч. Брюс чамайг дуудсан. Зураг авалт дууссаны дараа гарын үсгээ өгье гэж байна” гэсэн. Тэр хүн дүрдээ нэгэнт орсон байхад би тэс хөндлөн киног нь бариад очихоор “Хатуу самар”-ынхаа дүрийн үүднээс хандсан юм билээ. Бас энэ киноны үеэр Жай Кортниг унахад нь босгох гэж байгаад нүүрэн дээр нь буугаа унагаад загнуулсан.
-Таны цаашдын зорилго юу вэ?
-Багадаа кино их үздэг, жүжигчин болохыг мөрөөддөг байлаа. Спортод дуртай учир орлон тоглогчийн төрлийг илүүтэй сонирхсон. Дүр бүтээж хүчээ соримоор санагддаг. Жеки Чан зэрэг алдартай олон жүжигчин орлон тоглогчоос амжилтын гараагаа эхэлсэн. Гараа нь биш бариа нь чухал гэж боддог. Мэргэжлийн хүн биш болохоор ямар ч дүрд орж чадна гэж худлаа яриад яах вэ. Хүнийг инээлгэнэ гэдэг хэцүү. Тэгэхээр инээдмийн болон уянгын, дотоод мэдрэмж илүүтэй харуулсан дүр надад одоохондоо “сэрүүднэ”. Тулаантай кинонд өөрийг өө сорихсон гэж хүсдэг. Урьд нь би жүжиглэнэ гэдгийг нүүр амаа янз бүр болгоод л дүр эсгээд болчихдог гэж эндүүрч байж. “Хатуу самар”-ын үеэр камер нүүрний өмнө ирчихээр салгалаад хачин болсон. Тэгтэл найруулагч Жоон Мур “Чоогоо чи тоглох хэрэггүй, мэдрэх ёстой. Энэ бол чиний өдөр тутам хийдэг зүйл гэж итгээд муу залуу болж хувир. Одоо явж угаалгын өрөөний толинд өөрийгөө сайн хараад хамгийн зэвүү хүрмээр царайгаа олоод буцаад ир” гэсэн нь надад их том сургамж болсон. Холливудын жүжигчид дүрдээ хэтэрхий орчихоод нөлөөнөөс нь гарч чадаагүй тохиолдол олон. Муу залуугийн дүрд тоглохдоо хар тамхи хэтрүүлэн хэрэглэж амиа алдсан жүжигчин байдгийг мэднэ. Гадаадын чадварлаг уран бүтээлчидтэй хамтран ажиллаж, тэднээс ихийг сурч байна.
-Орлон тоглогчид аль нэг төрлөөр дагнадаг гэсэн. Та алийг нь сайн хийдэг вэ?
-Би одоохондоо зодоон, байлдаантай кинонд ажиллаж байгаа. Цаашдаа мотоцикль, машины үзүүлбэрээр дагнана гэж боддог.
-Багш нарынхаа тухай ярина уу?
-Гайхуулмаар мундаг багш нараар хичээл заалгадаг. Манай сургуулийн захирал Гуяаш Кишш Зултан орлон тоглогчоор 40 жил ажиллаж байгаа. Амь дүйсэн үзүүлбэрүүдээр Гиннесийн амжилт тогтоож байсан, Европын орлон тоглогчдын холбооны гишүүн. Унгарын тусгай албаны ажилтан хэрхэн зэвсэг хэрэглэхийг заадаг бол, олимпийн мөнгөн медальт гимнастикчин Чакк Ласло хичээл ордог.
-Ямар хичээл заадаг бол?
-Бөхийн мэх, зодооны урлаг, сэлмээр тулалдах, төрөл бүрээр үсрэх, мотоциклийн урд, хойд дугуйн дээр явах, машинаар дрифт хийх гээд олон төрлийн хичээл ордог. Гэхдээ яг спорт чиглэлээр биш, камерийн өмнө хэрхэн үзэмжтэй харагдах талаас нь заадаг. Байшин дээрээс үсрэхдээ хүртэл зүгээр ч нэг унахгүй, агаарт эргэлдэх ёстой. Зураг авалтын үед үзүүлбэр амжилтгүй болвол олон дахин хийлгэдэг. Энэ мэтийн бэрхшээлд сөхрүүлэхгүйн тулд цэргийн бэлтгэл хийлгэдэг. Хэрвээ заалгаснаараа гудамжинд тулалдвал зодуулна.(инээв)
-Орлон тоглогч байхын юу нь гоё, бас хэцүү вэ?
-Амархан ажил гэж байдаггүй. Гэхдээ орлон тоглогчийн ажил тэсвэр хатуужил их шаарддаг. Саяхан япон жүжигчнийг орлон, буудуулаад ус руу үсэрдэг хэсэгт тоглосон. Камерт гоё харагдахгүй бол өчнөөн удаа давтдаг гэж түрүүн хэлсэн. Буудуулж ус руу үсрээд хувцсаа сольж дахин давтах амаргүй байлаа. Кино бэлэн болсны дараа үзэж, алдаа оноогоо дүгнэж суух хамгийн сайхан.
-Монголдоо хэзээ ирэхээр төлөвлөж байна?
-Зун эх орондоо амрахаар очдог. Унгарт олон жил амьдарсан болохоор миний ажил, боломжууд бүгд энд бий. Нэг үгээр хэлэхэд энд дассан гэж болно. Гэхдээ сургуулиа төгсөөд, цаг нь болохоор Монголдоо очоод хийх юмаа хийнэ. Жишээлбэл, Монголдоо телевизийн реалити шоу хийх хүсэлтэй. Би шаардлагатай гэж үзвэл зарим киног олон дахин үздэг. Тэр бүртээ өөр өнцгөөс хардаг юм. Кино найруулж үзэхийг хүсдэг. Ямар ч байсан кино урлагийн чиглэлээр мэргэжлээ дээшлүүлнэ.
Б.ДӨЛГӨӨН