Манай ДБЭТ-ын шилдэг гоцлоочид дэлхийд алдартай Оросын Их театрын тайзнаа өнгөрсөн пүрэв гаригт тоглолтоо толилуулсан талаар тус улсын хэвлэлүүдэд мэдээлснийг түүвэрлэн хүргэе. Монголын ДБЭТ-ын гоцлоочид маэстро Александр Поляничкогийн удирдлага дор Оросын үндэсний оркестртой Их театрын Түүхэн тайзнаа А.Моцарт, П.И.Чайковский, Ж.Верди, Ж.Пуччини, К.Сен-Сансын бүтээлүүдийг толилуулсан нь үзэгчдийг гайхашрууллаа. Тус концертод Монголын алтан баритон Э.Амартүвшин оролцсон юм. П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын сонгодог урлагийн XIV уралдааны дэд байр, үзэгчдийн нэрэмжит шагналтай, П.Домингогийн “Operalia 2012” уралдааны ялагч, мөн өнгөрсөн жил Барселонд болсон Ф.Виньясын нэрэмжит уралдааны шагналтай гэдгээр нь Оросын үзэгчид түүнийг андахгүй.
Э.Амартүвшин Итали, Франц, Испани, Румын, Хятад зэрэг улсад дуулснаас гадна НҮБ-ын тайзнаа ая дуугаа өргөсөн гэж онцолжээ. Тэгвэл Э.Амартүвшин “Уран бүтээлийн минь санд Оросын хөгжмийн зохиолчдын бүтээл цөөнгүй бий. “Евгений Онегин” дуурьт анх дуулж байснаа тодхон санаж байна. Ер нь би олон улсын уралдаан болон тайзнаа дуулахдаа орос бүтээлийг заавал сонгодог” хэмээн ярилцлагадаа дурдсан байна. Өөр нэгэн сонинд Монголын ДБЭТ-ын алтан хоолойтнууд үнэхээр туршлагатай мундаг гэдгээ Их театрын Түүхэн тайзнаа баталлаа. 2012 онд Мариинский, Их театрын балетчид Улаанбаатарын театрт зочилсон бол энэ удаа Монголын уран бүтээлчид бэлэг барилаа. Тэд алдарт “Аида”- г говийн элсэн дунд тоглохоор төлөвлөсөн тухайгаа ч дуулгасан нь гайхалтай санагдлаа. Монголын сонгодог урлаг орос дэгээр явдаг нь анхны боловсон хүчнүүдээ манайд бэлтгэж байсантай холбоотой гэж бичжээ. Үүнээс гадна “Дуурийн их урлагийн Монголын төрх” зэрэг гарчигтай олон сайхан мэдээллүүд гарчээ.
Э.ХАНА