“Оскар”-ыг гурвантаа авсан Холливудын жүжигчин Мерил Стрипт эрх чөлөөний медаль гардуулж өгөхдөө түүнд хайртайгаа АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама хүлээн зөвшөөрч, үүнийг маань түүний нөхөр ч, миний гэргий ч мэднэ гэж хэлсэн байна. Энэ жүжигчний авьяасыг бусадтай жиших юмгүй гэж Обама тэмдэглээд шагналаа өгөөд тэвэрч, бусдын адилаар хацар дээр нь үнсжээ. Уг шагналыг “Грэмми”-ийн 25 удаагийн шагналт Стиви Уандер бас хүртсэн бөгөөд түүнийг Обама “Хөгжмийн суу заль” хэмээн нэрлэжээ. 10-11 настайдаа хурааж хуримтлуулсан анхны мөнгөөрөө Уандерийн пянзыг худалдаж авч, зурагдтал нь сонсож байснаа Обама дурссан байна.
Ерөнхийлөгч энэ шагналыг өөр 17 хүнд олгосны дотор телевизийн хөтлөгч Том Брокау, Чилийн зохиолч Исабель Альенде, жүжигчин Марио Томас, Массачуссетсийн технологийн дээд сургуулийн физикийн профессор Милдред Дросселгауз, эдийн засагч, Нобелийн шагналт Роберт Солоу, хөгжмийн зохиолч Стивен Сондхайм нар оржээ. 1989 онд өөд болсон бүжигчин Алвин Эйлийг нэхэн шагнасан байна. Ерөнхийлөгчийн медаль нь энгийн хүмүүст хүртээдэг Америкийн дээд шагнал бөгөөд АНУ-ын үндэсний аюулгүй байдал, эрх ашгийг хамгаалах, дэлхий дахинд энх тайвныг дэмжих үйлс, Америк хийгээд дэлхийн олон нийт, соёлын амьдралд үнэтэй хувь нэмэр оруулсан хүмүүст олгодог аж.
Р.ЖАРГАЛАНТ