Агаарын цэнхэр долгионоор тасралтгүй 50 жил цуурайлж, эх орныхоо өнцөг булан бүрт намрын ажил өрнүүлж, тэр тухай түгээсэн “Ургацын далай” нэвтрүүлэг 50 нас хүрчээ. 1964 оны долдугаар сараас эхлэн сонсогчдод хүрсэн энэ нэвтрүүлгийн нэрэмжит “Алтан түрүү” шагнал хадлан, тариаланчдыг хөдөлмөрийг үнэлдэг хамгийн хүндтэй цол болтлоо алдаршсан байна. Өчигдөр МҮОНР-гийнхон тусгай нэвтрүүлэг бэлтгэн сонсогчдодоо хүргэн, “Алтан түрүү”-гийн эздээ шалгарууллаа.
Мөн ойгоо сэтгүүлч Л.Мөнхтөр“Ургацын далай 50 жил” ном хэвлүүлжээ. Тэрбээр энэ нэвтрүүлгийг сүүлийн 20 гаруй жил бэлтгэн хүргэж байгаа юм. Өдий хүртэл 1300 удаагийн 40000 цагийн нэвтрүүлгээр сонсогчидтойгоо учран золгосон “Ургацын далай”-гийн анхны сурвалжлагчаар хүүхдийн зохиолч Зулын Далхжав, радиогийн ахмад ажилтан Барсын Туяа нар ажиллаж байжээ.